Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Венесуэльд 7.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Венесуэлийн хойд эрэг дагуу хүчтэй газар хөдлөлт болсон нь нийт Карибын тэнгисийн бүс нутагт мэдрэгдсэн тухай өнөөдөр өглөө мэдээлжээ.

АНУ-ын геологийн ажиглалтын байгууллага газар хөдлөлтийн хүчийг 7.3 магнитуд гэж мэдээлсэн байна. Төвийг нь Карупано хотоос зүүн зүгт, 123 км-ийн газрын гүнд гэж тодорхойлжээ.

Хөрш Колумби улсын мэргэжилтнүүд 7.0 магнитудын хүчтэй газар хөдөлсөн гэж мэдээлсэн байна.

Газар хөдлөлтийн хүч нийслэл Каракасаас зүүн зүгт 600 гаруй километр зайтай оршдог хотод илүү мэдрэгджээ. Тус хотод энэ үеэр эрх баригчид улс орныг хямралаас аврах эдийн засгийн шинэ бодлого хэрэгжиж эхэлснийг тэмдэглэж байсан гэнэ.

Арга хэмжээнд Венесуэлийн нэртэй улс төрчдийн нэг Диосдадо Кабелло үг хэлж байжээ. Газар хөдлөх үеэр Кабелло үгээ таслаж, хүмүүс “газар хөдөллөө” хэмээн хашхирч, бужигнаж байгааг телевизийн суваг шууд дамжуулсан байна.

Тухайн арга хэмжээг сурвалжилж байсан зарим сэтгүүлч нар өмнө нь ийм хүчтэй газар хөдлөлт хараагүйгээ сошиал хуудсандаа мэдээлжээ.

 

Венесуэлийн дотоод хэргийн сайд Нестор Луйз Реверол “Венесуэлийн ард иргэдэд тайван байхыг уриалж байна. Бид ямар ч гамшигтай тэмцэхэд бэлэн байгаа” хэмээн твиттертээ бичсэн байна.

Тэр цааш нь “Орон нутгийн цагаар 17:31 цагт 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт Нуэва Эспарта, Сукре, Монагаз, Боливар, Дельта Амакуро, Арагуа, Карабобо мужууд болон нийслэлд бүртгэгдлээ. Одоогоор хүний амь нас хохирсон тухай мэдээлэл ирээгүй байна” гэжээ.

Гэвч энгийн иргэд нурсан байшин барилга болон барилгаас зугтан гарч байгаа хүмүүсийн зураг дүрсийг сошиал сүлжээнд нийтэлсээр байна.

Эх сурвалж: The Guardian