Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

АНХААР: Таван настай охиныг 37 настай эмэгтэй гэрийнх нь гаднаас хулгайлан авч явжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Дархан-Уул аймагт гэрийнхээ гаднаас алга болсон 5 настай охиныг хоёр хоног хайсны эцэст олжээ. Охиныг 37 настай эмэгтэй 2018 оны наймдугаар сарын 21-ний өдөр  Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны дэвсгэрт хулгайлан авч явж байхад нь Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид баривчилжээ.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас "2018 оны наймдугаар сарын 19-ний өдөр 20 цаг 30 минутад Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын жижүүрийн утсанд “манай 5 настай охин гэрийнхээ гадаа тоглож байгаад алга боллоо” гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. 

Үүний дагуу Дархан-Уул аймгийн цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтэс, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид улсын хэмжээнд хоёр хоног эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж 5 настай охин “Э”-г оллоо. 

5 настай охин “Э”-г 37 настай эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хан-Уул дүүрэгт оршин суух иргэн “Б” нь, 2018 оны наймдугаар сарын 21-ний өдөр  Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны дэвсгэрт хулгайлан авч явж байхад нь Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлэн баривчилсан.

Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Одоогоор охины биед гадна харагдах гэмтэл шарх, сорви байхгүй. 

Уг хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13 дугаар бүлэг “Хүний халдашгүй, чөлөөтэй байхын эрхийн эсрэг гэмт хэрэг”, 13.2 дах хэсэг “Хүн хулгайлах” 13.2.2.1 дэх хэсэг буюу хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж гэсэн заалтаар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Энэ хуулийн заалт нь 1-5 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэдэг. 

Иймд эцэг эхчүүдийг багасны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг ганцааранг нь орхихгүй, тоглуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна" гэсэн мэдээлийг өглөө.

Хуулийн заалт: 

13.2 дугаар зүйл.Хүн хулгайлах

1.Хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хууран мэхэлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж эрхшээлдээ оруулан авч явсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Энэ гэмт хэргийг:

2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж;

2.2.хоёр, түүнээс олон хүнийг хулгайлж;

2.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: -Бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй.