Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Японы засгийн газар гар утасны үйлчилгээний төлбөрийг 40 хувь бууруулах зорилготой байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Японы засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга тус улсын үүрэн холбооны үйлчилгээний төлбөрийг 40 хувь бууруулах ёстой гэж үзэж байгаагаа өчигдөр мэдэгджээ.

Япон дахь үүрэн холбооны үйлчилгээний үнэ өртөг бусад улсуудтай харьцуулахад хэт өндөр байгаа талаар иргэдээс гомдол их ирэх болсныг Ёшихиде Суга хэлсэн байна.

Гэхдээ тэр 40 хувь гэсэн хэмжээг ямар үндэслэлээр хэлснээ тайлбарлаагүй юм. Засгийн газрын сүүлийн тоо баримтаас харвал Японы хоёр ба түүнээс дээш ам бүлтэй өрхүүд сард дунджаар 122,500 орчим иенийг ($1,112) гар утасны төлбөрт төлдөг гэсэн тоо бий.

Саппород хэлсэн үгэндээ Суга Японы үүрэн холбооны зах зээл ямар ч өрсөлдөөнгүй байгааг шүүмжлээд гол гурван оператор компанийг бусад салбаруудаас илүү өндөр орлоготой байгааг дурджээ.

Японы үүрэн холбооны зах зээлд NTT Docomo, KDDI, Softbank гэзэн үндсэн гурван тоглогч байдаг. Харин саяхан өрсөлдөөнийг нэмэгдүүлэхийн тулд засгийн газар онлайн худалдааны Ракутен компанид 2019 оны аравдугаар сараас үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл өгсөн юм.

Мөн өнгөрсөн зургаадугаар сард дээрх гурван компани хэрэглэгчдийг оператор хооронд шилжих боломжийг хааж байгаа талаар тус улсын шударга өрсөлдөөнийг дэмжих байгууллага шүүмжилж, үүнийгээ зогсоохыг уриалж байжээ.

Одоо хэрэглэгч нэг оператороос гэрээгээ цуцалж нөгөө операторт шилжих бол торгууль төлөх, эсвэл нэг сарын төлбөртэй тэнцэх мөнгө төлөх ёстой болдог юм.

 

Эх сурвалж: Kyodo News