Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ийглзийн цомог бүх цаг үеийн шилдгээр тодорлоо

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

“The Eagles” хамтлагийн шилдэг дуунуудын цомог нь Майкл Жексоны “Thriller” цомгийг борлуулалтаараа гүйцэж, бүх цаг үеийн шилдэг бүтээл болсныг Даваа гарагт Америкийн Хөгжмийн Бичлэгийн Холбоо (RIAA) мэдээлжээ.

Ийглзийн “Their Greatest Hits 1971-1975” цомгийн борлуулалт, стримингийн тоо нь 38 саяыг (38 платинум) давсан байна.

1976 онд худалдаанд гарсан уг бүтээл 33 сая борлуулалттай Жексоны “Thriller”-ийг хоёрдугаар байранд ухраажээ. Мөн Ийглзийн 1977 онд гаргасан “Hotel California” цомог 26 саяын борлуулалттай гуравдугаар байранд явж байна.

Өмнө нь Ийглзийн шилдэг дуунуудын цомгийг 29 сая хувь борлогдоод байгааг 2006 онд RIAA мэдээлж байжээ.

RIAA өмнө нь нэг сая хувь борлогдсон цомгийг нэг платинум цомогт тооцдог байсан бол 2013 оноос эхлэн YouTube, Spotify зэрэг дижитал түгээлтийн тоог нэмж тооцдог болсон юм.

Одоо нэг цомгийн 1,500 стрим буюу онлайн дамжуулалтыг нэг борлуулалт гэж тооцох болжээ. Мөн 10 дуу таталтыг (download) нэг цомогт тооцохоор болсон байна.

Ийглз хамтлаг 1970-аад оны эхээр Лос Анжелест байгуулагдаж, рок-н-роллыг кантри хөгжимтэй хослуулсан “Hotel California”, “Take It Easy” хит бүтээлүүд гаргаж байв.

Тэд 1980 онд тарж, 14 жилийн дараа эргэн нэгдэхдээ анхны гишүүдээс зөвхөн Хенли, Глэн Фрей нар үлдсэн байна. Фрей 2016 онд нас барсан юм.

Ийглз хамтлаг 1998 онд Рок-н-Роллын алдрын танхимд залагдаж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press