Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

95 настай дайны гэмт хэрэгтнийг АНУ-аас Германд шилжүүлж өгчээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хоёрдугаар дайны үед гэмт хэрэг үйлдсэнд сэжиглэгдэж байгаа нацистыг Нью Йорк дахь гэрээс нь баривчилж, Герман руу нисгэсэн тухай Цагаан ордон өчигдөр зарлажээ.

Бөөнөөр устгах хорих газрын харгалзагч асан 95 настай Якив Палийг 25 жилийн өмнөөс шалгаж эхэлсэн юм. Өнгөрсөн хугацаанд түүний дайны үед үйлдсэн гэм нүглийг илрүүлж, АНУ-д цагаачлахдаа дайны үеэр фермер, үйлдвэрийн ажилчин байсан гэж худал мэдүүлснийг нь тогтоосон байна.

Пали олон жилийн турш АНУ-д бичиг хэргийн ажил эрхэлж, сүүлд тэтгэвэртээ гарсан аж. Харин 30-аад жилийн өмнө мөрдөгчид түүний нэрийг өөр нэг харгалзагч асан хүний мэдүүлгээс олж авсан юм байна.

1993 онд анх хуулийнхан түүний гэрт очиж шалгахад Пали “Би хэрвээ үнэнийг хэлсэн бол хэзээ ч виз авч чадахгүй байсан. Бүгд л ингэдэг шүү дээ” хэмээн ярьж байжээ.

Польшийн нутагт оршиж байсан Травники хорих газарт харгалзагчаар ажиллаж байхдаа жүүд иргэдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө Палийн АНУ-ын иргэншлийг 2003 онд цуцалж байв.

Гэвч Герман, Польш, Украин улсуудын аль нь ч түүнийг шилжүүлж авахыг хүсээгүй тул өнгөрсөн хугацаанд 86 настай гэргий Мариагийн хамт гэртээ амьдарч байжээ.

Өнгөрсөн хугацаанд Америк дахь жүүд иргэдийн нийгэмлэг гэмт этгээдийг чөлөөтэй амьдруулж байгааг эсэргүүцэн тэмцсээр байсан юм.

АНУ-ын хууль зүйн яамны тогтоосноор Пали 1943 онд Травникид ажиллаж байсан бөгөөд тэр жил уг хорих газарт 6,000 хоригдлыг бөөнөөр хядсан байдаг. Энэ үед Польшид байсан бусад хорих газруудад нийтдээ олон арван мянган хоригдлыг хөнөөсөн юм.

Пали Кравникид ажиллаж байснаа зөвшөөрсөн ч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээгээгүй байна. Өнгөрсөн оны есдүгээр сард Нью Йоркийн конгрессын гишүүн 29 хүн түүнийг гаргахыг шаардсан захидалд гарын үсэг зурж, энэ оны эхээр Германд томилогдсон АНУ-ын элчин сайд Ричард Гренел уг ажлыг нэн тэргүүний зорилтоо болгож байжээ.

Ингээд АНУ-Германы удирдагчид удаан хугацаанд хэлэлцсэний эцэст Палийг шилжүүлэх тохиролцоонд хүрсэн байна.

Германчууд өмнө нь Пали дайны гэмт хэрэг үйлдсэн гэх баримт хангалтгүй байгааг мэдэгдэж байв. Тиймээс түүний хувь заяа хэрхэх нь тодорхойгүй байна.

Палигаас өмнө 2009 онд Охайогийн автомашины үйлдвэрийн ажилчин асан Жон Демянчукийг мөн нацистуудын хорих газарт ажиллаж байсныг тогтоосны дараа Германд шилжүүлж өгчээ.

Тэрээр 2011 онд 28,000 хүний аллагад буруутгагдсанаасаа хойш 10 сарын дараа 91 насандаа нас барсан байна.

Пали нь 1949 онд Европоос дайны дүрвэгчдийг хүлээж авах хөтөлбөрийн хүрээнд АНУ-д цагаачилсан гэнэ.

Өнгөрсөн хугацаанд Пали өөртэйгээ ижил хорих газрын харгалзагч байгаад АНУ-д худал мэдүүлгээр ирсэн хүмүүстэй холбоотой байжээ. Сонирхолтой нь тэр 1966 онд амьдрах байр худалдаж авахдаа Холокостоос амьд үлдсэн Польшийн жүүд иргэдээс байрыг нь авсан байна.

Пали нь АНУ-аас шилжүүлж өгсөн сүүлчийн нацист биш. 2017 онд Польшийн эрх баригчид Украинд төрсөн Майкл Каркочыг шилжүүлж өгөхийг Вашингтоноос хүсээд байгаа.

Тэр дайны үеэр Эс Эсийн залхаан цээрлүүлэх ангийг командалж Польшийн тосгодыг шатаах, иргэдийн амийг хөнөөх ажил гүйцэтгэж байжээ.

Одоо 99 настай Каркоч Миннеаполист амьдарч байгаа. 2013 онд түүний өнгөрсөн түүхийг илрүүлж, Польшийн прокурор баривчлах шийдвэр гаргасан юм.

Бүр 1970-аад оныг хүртэл АНУ олон мянган нацистыг орогнуулж байгаагаа мэдээгүй байсан гэдэг. Зарим тоо баримтаас үзвэл тус улсад 10,000 орчим дайны гэмт хэрэгтэн дүрвэж гарсан байна.

Тэр үеэс хойш 137 хүнийг илрүүлэн шалгаснаас 67-г нь Герман, Польш зэрэг улсуудад шилжүүлж өгсөн гэнэ. Үлдсэн хүмүүсийн 28 нь шалгагдаж байхдаа нас барж, 9 нь шилжүүлж авах улс олдоогүй тул хүлээгдэж байхдаа нас баржээ.

 

Эх сурвалж: Time.Com