Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Энхтүвшин: “UB Food Festival”-д шалгарсан хоолыг Монгол хоолны нэрийн жагсаалтад оруулна

ikon.mn
2018 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Аялал жуулчалын газраас Үндэсний соёл амралтын хүрээлэн, Гэрэл плас мэдиа групптэй хамтран “UB Food Festival” өдөрлөгийг 6 дах жилдээ зохион байгуулах гэж байна.

“UB Food Festival” энэ сарын 24-26-ны өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдана.

Энэ талаар өнөөдөр нийслэлийн Аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин, Гэрэл плас мэдиа группын төслийн менежер Б.Энхжаргал нар мэдээлэл хийв.

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин “Монгол хоолны талаар бид тодорхой хэмжээний судалгаа хийсэн байгаа. Үүний үндсэн дээр Монгол хоолоо гадаад төдийгүй Монгол иргэддээ таниулах зорилготой. Цаашдаа олон улсад Монгол хоолныхоо нэршлийг тодорхойлж гаргахаар зорьж байна. Үүний эхлэл болгож “UB Food Festival”-д оролцож байгаа ААН, тогооч нарын дунд “Улаанбаатар шөл”, “Улаанбаатар хуурга” нэрийн хоолны тэмцээн зохион байгуулна. Шалгарсан хоолыг Монгол хоолны нэрийн жагсаалтад оруулаад явна” гэв.

““UB Food Festival” нь ирэх 24-26-ны хооронд гурван өдрийн турш зохион байгуулагдана. Гурван өдрийн турш урлаг соёлын маш олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна. Жишээлбэл Цирк, Монголын Үндэсний урлагийн их театр, Улаанбаатар чуулгын үзүүлэбүүд, хамтлаг дуучдын тоглолт зэрэг олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулахаар болоод байна. Мөн мастер тогооч нарын холбооны сонирхолтой үзүүлбэрүүд үзүүлнэ. Түүнчлэн хүрэлцэн ирсэн иргэдийнхээ дунд олон сонирхолтой тэмцээн уралдаан зохион байгуулахаар төлөвлөөд байна” хэмээн “Гэрэл плас мэдиа” группын төслийн менежер Б.Энхжаргал ярилаа.

Өнөөдрийн байдлаар 40 гаруй ААН, иргэд тус фестивалд оролцохоор бүртгүүлээд байгаа аж.

“UB Food Festival” өдөрлөгийн үеэр бүх хоолыг 1,000-5,000 төгрөгийн үнэтэй борлуулах юм байна.

Зохион байгуулагчдын зүгээс хоолны үнийг 5,000 төгрөгөөс хэтрүүлж болохгүй гэсэн гэрээг оролцогч байгууллагуудтай хийжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.