Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

“Erxes Inc” сая долларын төлөө эх орноо төлөөлөн өрсөлдөнө

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

“Seedstars Ulaanbaatar 2018” тэмцээний ялагчаар “Erxes Inc” баг шалгарч Швейцарь улсад эх орноо төлөөлөн 1,000,000 долларын хөрөнгө оруулалт авах эрхийн төлөө өрсөлдөхөөр боллоо. 

“Seedstars World” тэмцээний эхний шатны шалгаруулалт болох “Seedstars Ulaanbaatar 2018“ тэмцээн энэ сарын 18-ны Бямба гарагт амжилттай зохион байгуулагдсан билээ. Тус тэмцээний шигшээд шалгарсан шилдэг есөн баг үзэгчид болон шүүгчдэд илтгэлээ танилцуулсан бөгөөд тэмцээний ялагчаар хэрэглэгчидтэй харилцах борлуулалт, маркетингийн нээлттэй эхийн платформ хөгжүүлэгч “Erxes Inc” компанийн шийдэл шилдгээр шалгарлаа. 

Тус уралдаанд түрүүлснээр “Erxes Inc” 2019 оны дөрөвдүгээр сард Швейцар улсад зохион байгуулагдах “Seedstars Summit” арга хэмжээнд оролцон, долоо хоногийн турш  үргэлжлэх сургалтанд хамрагдаж, 75 орны бусад ялагч болон дэлхийн хэмжээний хөрөнгө оруулагчидтай уулзах боломж нээгдэж байна. Түүнчлэн “Seedstars Summit”-д ялагч болсноор 1,000,000 долларын хөрөнгө оруулалт авах эрхтэй болох юм. 

Энэ удаагийн “Seedstars Ulaanbaatar 2018” тэмцээний дэд байрт тээвэрлэлт болон ложистик платформ “Onebelt Freezone”, гуравдугаар байранд аялал жуулчлал, зочид буудлын захиалгын технологийн шийдэл олгодог “iHotel” багууд шалгарлаа. “Seedstars Ulaanbaatar 2018” тэмцээнд оролцсон гарааны бизнесүүд:

  • Erxes Inc: Хиймэл оюун дээр суурилсан, хэрэглэгчидтэй харилцах борлуулалт, маркетингийн мессежийн нээлттэй платформ 
  • Gegege Pay: Түргэн хугацаанд төлбөр хийх онлайн гүйлгээ, төлбөр хийх платформ 
  • iHotel: Аялал жуулчлал, зочид буудлын захиалгын технологийн шийдэл
  • Mixsor: Гар утаснаасаа агаарын чанарыг хэмжих төхөөрөмж 
  • Nomadicsoft: Хиймэл оюун дээр суурилсан, илгээмжээ хямд үнээр, түргэн хүргэх боломжтой ухаалаг хүргэлтийн систем 
  • Ondoo: Хиймэл оюун ухаан дээр суурилан хүн бүрийн онцлогт тохируулан бие даасан, шинийг санаачлагч, логик сэтгэлгээтэй, багаар хамтран ажиллах ур чадварыг эзэмшүүлэх  систем
  • Onebelt Freezone: Тээвэрлэлт болон бусад холбогдох үйлчилгээг холбох ложистик платформ
  • Pink Kiwi: Онлайн контентаар хандив, сар бүрийн хураамж, зар сурталчилгаанаас ашиг олоход тусалсан шууд нэвтрүүлгийн апп 
  • TODA: Олон улсын мөнгөн гуйвуулга, крипто валют хурдан, хямд солилцох боломж олгодог санхүүгийн платформ

Тэмцээний шүүгчдээр : 

  •        Юнител групп, ТУЗ-ийн дарга Р.Ганболд
  •        Анд Глобал, Үйл ажиллагаа хариуцсан захирал В.Баярсайхан
  •        ICT групп, Гүйцэтгэх захирал Г.Лхамсүрэн
  •        Стартап Маркетинг спэйс ХХК, Гүйцэтгэх захирал Ж.Золзаяа
  •        Montgomery Fitch and Associates, Гүйцэтгэх захирал А. Луйс нар ажиллалаа. Энэ удаагийн “Seedstars Ulaanbaatar 2018” арга хэмжээнд нийт 40 гаруй гарааны бизнес эрхлэгчид, 150 гаруй үзэгч дэмжигчид оролцлоо.