Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Сальвадор улс Тайваниас салж, Хятадтай дипломат харилцаа тогтоолоо

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Сальвадор, Хятадын гадаад хэргийн сайд нар

Төв Америкийн Сальвадор улс Тайваньтай байгуулсан дипломат харилцаагаа тасалж байгааг Тайваний гадаад хэргийн сайд Жозеф Ву өчигдөр мэдээлжээ.

Уг шийдвэрийн дагуу Тайваний дипломат ажилтнуудыг Сальвадороос эгүүлэн татахаар болсон байна. Сайдын мэдээлснээр Төв Америкийн түнш нь Тайпэйгаас “асар их хэмжээ”-ний санхүүгийн тусламжийг боомт байгуулах төсөлдөө гаргахыг хүссэн гэнэ.

Үүнтэй зэрэгцэн Сальвадорын эрх баригчид Бээжингээс хөрөнгө оруулалт авч, хариуд нь дипломат харилцаа тогтоохоор болж байгааг Жозеф Ву мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Тайваний ерөнхийлөгч Цай Ин Вэнийг Латин Америкийн орнуудаар айлчилж явах үед тус улсын төлөөлөгчид Сальвадорын засгийн газартай уулзалт хийсэн юм байна.

“Тайваний засгийн газар Хятадтай долларын дипломат бодлогоор өрсөлдөхийн эсрэг байгаа. Харамсалтай нь хэчнээн хичээл зүтгэл гаргасан ч бид Сальвадортой  байгуулсан дипломат харилцаагаа хадгалж үлдэх боломжгүй боллоо” гэж тэр хэлсэн юм.

Тайванийг олон улсын тавцанд ганцаардуулах Бээжингийн бодлого амжилттай хэрэгжиж тусгаар тогтнох эрмэлзлэлтэй арал улсыг ердөө 17-хон дипломат түнштэй болгож байна.

Энэ онд Африкийн Буркина Фасо, Төв Америкийн Доминиканы БНУ мөн Тайпэйг Бээжингээр сольсон юм.

Өнгөрсөн долоо хоногт дипломат харилцаатай цөөн улсуудынхаа хоёр нь болох Парагвай, Белиз улсуудад айлчилсан ерөнхийлөгч Цай Ин Вэн “Тайвань ямар ч дарамтанд бөхийхгүй. Дарамт шахалт нь биднийг улам зорилготой, нэгдмэл болгоно” хэмээн айлчлалаасаа эргэж ирсний дараа хэлсэн юм.

 

Эх сурвалж: The Guardian