Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Гандантэгчэнлин хийдээс олгож буй тусламжийн цуваа Баян-Өлгийг зорилоо

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Өнгөрсөн долоодугаар сард орсон үерийн улмаас орон гэргүй болсон иргэдэд олгож буй Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тусламжийн цуваа тус аймгийг зорилоо. 

Баян-Өлгий аймагт болсон гамшигт Өлгий сумын 530 айл өрхийн 2,512 хүн нэрвэгдэж, 300 гаруй өрх орон гэргүй болсон бөгөөд иргэдэд туслах аян орон даяар үргэлжилсээр байгаа. Тэгвэл МБШТ Гандэнтэгчэнлин хийдийн дэргэдэх Шашны дээд сургуулийн санаачилгаар Буддын сүм хийдүүд 20 орчим сая төгрөгийн хандив цуглуулсан байна. Улмаар иж бүрэн 10 монгол гэр, Гандэнтэгчэнлин хийдийн Жасаас гурил, будаа, цай тэргүүтэн хүнс, гэр бүлийн хэрэгцээнд зориулсан хувцаснаас гадна энэхүү тусламжийг хүргэх замын зардал зэргийг өнөөдөр Баян-Өлгийн аймгийн Рашгэмпэлин хийдийн тэргүүн Гүнчингийн Батхүүд гардууллаа. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Бурхан шашны төв Эрдэнэмандал хийд нэг гэрийг нь гаргаж байгаа аж. 

 
Гэрэл зургийг MPA.mn

"Баян-Өлгий аймгийн хэмжээнд өмнө нь гурван ламтай байсан бол одоо долоон шавьтай болсон. Бид шашин номыг дэлгэрүүлэх тал дээр идэвхтэй ажиллаж, хурал номоо тогтмол хийж байна. Энэхүү тусламжийн гэрүүдийг орон гэргүй болсон, тусламжид хамрагдаж чадаагүй айл өрхүүдэд олгоно" хэмээн Рашгэмпэлин хийдийн тэргүүн Г. Батхүү хэллээ.  

 
Гэрэл зургийг MPA.mn

Баян-Өлгий аймаг 100 гаруй мянган хүн амтай бөгөөд 10,000 орчим нь буддын шашинтай иргэд байдаг аж. Иймд сүсэгтэн олноо хүндэтгэж, шашин номыг дэлгэрүүлэх үүднээс өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 19-нд Рашгэмпэлин хийдийг тус аймагт байгуулан, нээжээ. Энэ талаар Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд “Өнгөрсөн жил Баян-Өлгий аймагт анх удаа Буддын шашны сүм хийдээ сэргээж, нээсэн. Сүм хийдийг босгох үйл ажиллагаанд Гандантэгчэнлин хийдээс бодитой тусламж дэмжлэг үзүүлж босгосон. Энэ нь Баян-Өлгий аймагт байгаа буддын шашин шүтдэг иргэдийн сүсэг бишрэлийг хүндэтгэж, тусламж дэмжлэг үзүүлж буй хэрэг.

Өмнө нь 1990 онд шашин шүтлэг сэргэсэн хийгээд эдийн засгийн хүнд хэцүү үед Баян-Өлгий аймгийн ард иргэд уламжлалт ислам шашны сүмийг үүсгэн байгуулахаар төрд хандсан боловч тодорхой дэмжлэг авч чадаагүй тул Гандантэгчэнлин хийдэд хандсан байдаг. Гандантэгчэнлин хийд Монголын шашны төв гэдэг утгаараа Баян-Өлгий аймгийн ард иргэдийг дэмжиж, тухайн үед 2,000,000 төгрөгийн буцалтгүй тусламж олгосон түүхтэй. Бид тус аймгийн иргэдээ хүндэтгэж, энэ мэтчилэн тусламж үзүүлсээр ирсэн“ хэмээн ярилаа. 

МБШТ Гандантэгчэнлин хийд өнгөрсөн хугацаанд хандив, тусламжийн ажлыг цөөнгүй зохион байгуулж ирснийг энэ үеэр дурдсан. Тухайлбал, өнгөрсөн жил төрийн бус байгууллагуудтай хамтран Нийслэлийн II амаржих газарт 30 орчим сая төгрөгийн тусламж үзүүлсэн бол Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийг тохижуулах ажлыг санаачлан зохион байгуулж, ЭХЭМҮТ-д тоног төхөөрөмж хандивласан бөгөөд СХД-ийн орон гэргүй 25 айлд гэр олгожээ. Цаашид ч ядарсан, өвдсөн зовсон олонд тусламжийн гараа сунгасаар байх болго гэдгийг энэ үеэр хэлсэн юм.