Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Аялагч Ч.Мөнгөндалай Эльбрусийн ноён оргилд авиралт хийгээд эх орондоо ирлээ

О.Булган, iKon.mn
2018 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: mpa.mn

Аялагч Ч.Мөнгөндалай Монгол орноороо дугуйтай тойрон аялж, Отгонтэнгэр хайрханы оргилд авирч, Хөвсгөл нуур руу явган аялж байсан удаатай. Тэрбээр энэ сарын эхээр Эльбрусийн ноён оргилд авирсан ба өнөөдөр эх орондоо ирээд байна.

Тэрбээр цахилгаанчин мэргэжилтэй, ууланд гарч, аялалд гарахын өмнө мэргэжлээрээ ажиллаж байсан ч сонсголын бэрхшээлтэй иргэдийг ажил олгогчид удаан ажиллуулах дургүй байдаг тул ажлаасаа гарч, аялагч болохоор шийджээ. 

Ч.Мөнгөндалай энэ сарын хоёрны өдөр эх орноосоо гарч Эльбрусийн ноён оргилд гарах аялалдаа мордсон бөгөөд 20 гаруй хоногийн аяллын дараа өнөөдөр өглөө эх орондоо ирж, ууланд гарахад тохиолдсон адал явдал, бэрхшээлүүдээсээ хуваалцлаа.

Эльбрусийн ноён оргил нь Кавказад оршдог, далайн түвшнөөс 5,642 метрийн өндөрт байдаг, Европ болон ОХУ-ын хамгийн өндөр ноён оргилоор тооцогддог юм.

Аялагч Ч.Мөнгөндалай "Эльбрусийн ноён оргилд гарах үед цаг агаарын байдал нилээн хүнд, хатуу байсан. Цаг агаарын хүнд нөхцөлөөс болж хэд хэдэн удаа авиралт маань хойшилсон. Нийт дөрвөн удаагийн авиралтын дараа үүрийн таван цагийн үед Эльбрусийн ноён оргилд гарч чадсан. Оргилд гарах мөчид үнэхээр өөр байсан, агаар уур амьсгал Монголынхоос тэс өөр,үүлэн дээр гарсан юм шиг мэдрэмж төрсөн. Эльбрусийн оргилд гарахаар явсан нь миний анх удаагаа гадаад улс руу явж, онгоцоор ниссэн аялал байсан тул маш их догдолж байсан" гэлээ.

 
Гэрэл зургийг: mpa.mn

Түүний багт нийт 8 орны уулчид байсан бөгөөд түүнийг ууланд авирч байх үед өмнө нь есөн хүн ор сураггүй алга болсон тул аврах үйл ажиллагаа явагдаж байсан талаар хэлэв.

Тэрбээр Монгол Улсдаа өмнө нь уулаар нэлээн их авирдаг байсан, тус амжилтаа ахиулахын тулд Эльбрусийн ноён оргил руу авирахаар шийджээ. Түүнд спортынхон, Сэлэнгэ аймгийнхан, ойр дотнын хамаатан садан болон түүнийг дэмждэг хүмүүс санхүүгийн дэмжлэг үзүүлсний эцэст нийт дөрвөн сая төгрөгийг цуглуулж энэхүү аялалд гарчээ.

Эльбрусийн ноён оргилд гарахын өмнө Мөнгөндалай саяхан К2 уулын оргилд гараад ирсэн, Гавьяат уулчин Б.Гангаамаатай холбогдож заавар, зөвлөгөө болон маш их урам зоригийг түүнээс авсан тул түүнд баярлаж буйгаа илэрхийллээ. Мөн түүнийг дэмждэг нийт уулчид, спортынхон, хамаатан садан, ойр дотнын хүмүүстээ талархаж буйгаа илэрхийлсэн юм.

Мөнгөндалай дараачийн удаа Эльбрусээс өндөрт оршдог 6,000-7,000 метрийн оргилуудад гарч, тулгамдаж буй бэрхшээлүүдийг давж гарах зорилготой байгаагаа хуваалцсан юм.