Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Зөвлөлтийн үеэс хойш болох хамгийн том цэргийн сургуулилалтад Монголын цэрэг оролцоно

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

ОХУ маш том хэмжээний цэргийн сургуулилалт хийхээр бэлдэж байгааг тус улсын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өчигдөр мэдэгджээ.

Монгол, Хятадын талууд хамтран оролцох “Восток-2018” ажиллагаа нь Сибирь, Алс Дорнодын бүс нутагт болох бөгөөд газарзүйн хамрах хүрээ, цэрэг, зэвсийн тоогоор урьд өмнө байгаагүй хэмжээтэйд тооцогдож байна.

ЗХУ-ын үеийн хамгийн том цэргийн сургуулилалт нь 1981 онд Беларусь, Украин, Балтийн гурван улсын нутаг дэвсгэрийг хамарч, Варшавын гэрээний орнууд оролцож байсан юм. Тэгвэл “Восток 2018” нь үүнээс ч өргөн хэмжээтэй болно гэдгийг Шойгу хэлжээ.

Уг сургуулилалтад оролцох цэргийн тоог ил болгоогүй байна. Гэхдээ Хятадын тал 3,000 орчим цэрэг илгээх болсон нь тодорхой болжээ. Мөн тус улсаас 900 гаруй техник, 30 нисэх онгоц, нисдэг тэрэг оролцохоор болсныг Хятадын батлан хамгаалах яам мэдээлсэн байна.

Алс Дорнодод болох ажиллагаа нь өнгөрсөн онд Оросын баруун хэсэгт болсон “Запад-2017“ сургуулилалтаас цар хүрээний хувьд давж гарахаар байгаа гэнэ. Тухайн үед 12,700 цэрэг, 70 нисэх онгоц, 10 тэнгисийн хөлөг, 680 газраар явагч техник оролцсон нь хөрш зэргэлдээ орнуудыг төдийгүй Өрнөдийн орнуудыг болгоомжлоход хүргэж байв.

Үүний хариуд Польшийн нутагт НАТО-гийн орнууд “Dragon 17” ажиллагаа явуулахад АНУ, Британи, Герман, Литва, Латви, Словак, Итали, Болгар, Румынь, Гүрж, Украины цэрэг, зэвсэг оролцож байжээ.

Уг ажиллагаанд 17,000 цэрэг, 3,500 зэвсэг техник оролцсон нь “Запад-2017”-гоос давж байсан юм.

 

Эх сурвалж: Russia Today