Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Нутгийн иргэд Венесуэлийн дүрвэгчидтэй мөргөлдсөн тул Бразил улс хил рүүгээ цэрэг илгээлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Венесуэльтэй хил залгаа бүс нутагт тогтворгүй байдал үүссэн тул Бразилын ерөнхийлөгч Мишел Темер Ням гарагт засгийн газрын шуурхай хуралдаан зарлажээ.

Хилийн ойролцоох Пакарайма тосгоны иргэд Венесуэлийн цагаачдыг хүч хэрэглэн хөөсөн явдал ийм арга хэмжээ авахад хүргэсэн байна. Бямба гарагт гарсан мөргөлдөөний дараа Венесуэлийн 1,200 гаруй дүрвэгч буцаж хил давсан тухай Бразилын цагаачлалын алба мэдээлжээ.

Цагдаа, хүчнийхэн дэг журам тогтоосны дараа 12,000 орчим оршин суугчтай тус тосгоны амьдрал хэвийн үргэлжилж эхэлснийг гэрчүүд мэдээлсэн байна.

Нийгмийг аюулаас хамгаалах яам Даваа гарагт тус тосгон руу нэмж 60 цэрэг илгээж байгаагаа зарлажээ. 

Эдийн засгийн гүн хямралд ороод байгаа Венесуэл улсаас сүүлийн гурван жилд олон арван мянган дүрвэгч Бразилд ирээд байгаа. Бямба гарагийн өглөө Пакарайма тосгоны нэг наймаачин Венесуэлийн цагаачдад дээрэмдүүлсэн байна. Тус тосгоны гудамжинд 1,000 орчим дүрвэгч амьдардаг ажээ.

Үүний улмаас тосгоны иргэд дүрвэгчдийг Венесуэлийн нутаг руу хөөх арга хэмжээ авсан байна. Энэ үеэр галт зэвсэг хэрэглэж, дүрвэгчдийн оромж болон эд зүйлсийг нь эвдэж сүйтгэсэн гэнэ.

Хэрэг явдлын дараа Венесуэлийн эрх баригчид өөрийн иргэдийн аюулгүй байдлыг хангахыг Бразилын талд уриалсан байна.

Бразилаас гадна Перу, Эквадор улсууд Венесуэльтэй залгаа хилийн хамгаалалтаа чангатгаж, дүрвэгсдээс албан ёсны паспорт шаардахаар болжээ. Ихэнх нь гадаад паспортгүй Венесуэльчүүдийн хувьд энэ нь том саад болж байгаа гэнэ.

Зөвхөн өнгөрсөн нэг долоо хоногийн хугацаанд Перуд 20,000 хүн Венесуэлээс дүрвэж иржээ. Перугийн эрх баригчид наймдугаар сарын 25-наас паспорт шаардаж эхлэх юм.

Үүнээс өмнө Венесуэльчууд иргэний үнэмлэх ашиглан түр ажиллах эрхтэй Перуд ирдэг байжээ. Колумбын нутгаар дайран Эквадорыг чиглэсэн дүрвэгчдийн урсгалыг зогсоохын тулд Эквадор улс Бямба гарагаас эхлэн паспорт шаардаж эхэлсэн. Ингэснээр өдөрт 3,000 орчим дүрвэгч хилээр гардаг байсан нь зогсож, Колумбын нутагт Венесуэлийн олон мянган цагаачид толгой хорогдохоор болж байгаа юм.

Латин Америкт ганц Венесуэл биш, мөн улс төрийн тогтворгүй байдал газар авснаас Никарагуагийн дүрвэгчид зэргэлдээ улс орнуудыг айлгах болоод байна. Өнгөрсөн Бямба гарагт Коста Рикагийн нийслэл Сан Хосед Никарагуагийн дүрвэгчдийг эсэргүүцсэн томоохон жагсаал болж, оролцогчид нь Нацистын билэгдэлтэй зурагт хуудаснууд ашиглаж байжээ.

 

Эх сурвалж: AFP