Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын эхний иргэд дайны үед салж хагацсан төрөл садантайгаа уулзахаар Хойд Солонгосын хилийг давлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Өмнөд Солонгосын 100 орчим иргэн гэр бүлийн зарим гишүүдийнхээ хамт Хойд Солонгосын хилийг давж, дайны үед салж хагацсан төрөл садантайгаа уулзах гэж байна.

Долоо хоног үргэлжлэх уулзалт Хойд Солонгосын аялал жуулчлалын бүсэд зохион байгуулагдах юм. Тэдний ихэнх нь өндөр настнууд бөгөөд сүүлчийн удаа садантайгаа уулзах боломж олдож байгаа нь энэ ажээ.

Тэдний ихэнх нь 1950-1953 оны Солонгосын дайны үеэр хагацан салж, дахин бие биеэ харалгүй өдийг хүрсэн юм.

Ахмадуудыг суулгасан автобус өнөөдөр өглөө хилийн зурваст ирж, шалган нэвтрүүлэх ажил эхэлжээ.

2000 оноос хойш нийтдээ 20 ээлжийн уулзалт болж, 20,000 орчим хүн оролцсон юм. Мөн 3,700 орчим хүн 2005-2007 оны хооронд хэсэг хэрэгжээд зогссон видео холбоогоор төрөл төрөгсөдтэйгээ ярилцах арга хэмжээнд хамрагджээ.

Уулзалтуудад хоёр дахь удаагаа оролцох боломжгүй тул хүн бүрт ганц удаагийн боломж олддог. 

Нэгдүгээр ээлжийн уулзалт Даваагаас Лхагва гарагт болж, 197 иргэн Хойд Солонгост үлдсэн ах дүүстэйгээ уулзана. Дараагийн ээлжинд Баасан гарагаас Ням гарагийн хооронд 337 хүн уг арга хэмжээнд оролцоно.

Өмнөд Солонгосын иргэдийн нэлээд хэсэг нь дайны үед Хойд Солонгосоос дүрвэж ирэгсэд байдаг ба тэд ард үлдсэн ах дүүс, үр хүүхэдтэйгээ уулздаг.

Өмнөд Солонгосын засгийн газрын тооцоолсноор одоо тус улсад Хойд Солонгост хамаатан садан нь үлдсэн 600,000-700,000 иргэн байдаг гэнэ.

Гэвч Хойд Солонгосын дэглэм иргэдийг уулзуулах арга хэмжээг зохион байгуулах Өмнөдийн хүсэлтийг тэр болгон хүлээж авдаггүй.

Салж хагацсан иргэдийн нас одоо 80, 90 гараад байгаа тул тэдний ихэнхэд энэ насандаа уулзах боломж олдохгүй болж байна.

Сүүлийн байдлаар төрөл төрөгсөдтэйгээ уулзах хүсэлт гаргасан 132,000 иргэний 75,000 нь уулзаж амжилгүй нас бараад байгааг Сөүлийн албаныхан мэдээлжээ.

 

Эх сурвалж: Fox News