Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

#MeToo хөдөлгөөнийг эхлүүлэгч өөрөө бусдад бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр шийтгүүллээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Италийн жүжигчин эмэгтэй Асиа Аргенто бол сүүлийн жил гаруй хугацаанд дэлхий дахинд өрнөж байгаа бэлгийн дарамтын эсрэг #MeToo хөдөлгөөнийг эхлүүлэгчдийн нэг юм.

42 настай Аргенто Холливүүдын продюсер Харви Уэйнштэйнд хүчиндүүлж байснаа өнгөрсөн оны аравдугаар сард дэлгэж байв.

Тэгвэл жүжигчин эмэгтэйн бэлгийн халдлагад 17 настайдаа өртөж байсан 22 настай эрэгтэй жүжигчин шүүхэд гомдол гаргасны дараа Аргенто түүнд $380,000-ыг төлөхөөр болсон байна.

Хохирогч болох залуу жүжигчин Жимми Беннет нь 2004 онд Аргентотой хамт “The Heart is Deceitful Above All Things” кинонд тоглож байжээ. Уг кинонд Аргенто нь Беннетийн биеэ үнэлэгч эхийн дүрд тоглосон байна.

Беннетийг 2013 онд 17 настай байхад Аргенто Калифорний нэгэн зочид буудалд уруу татаж, унтаж байсан гэж гомдол гаргажээ. Калифорни муж улсын хуулиар хоорондоо зөвшилцсөн бэлгийн хавьтлыг зөвшөөрөх доод нас 18 юм байна.

Шүүхийн бичиг баримтад Аргенто, Беннет хоёрын орон дотор хамт байгаа гэрэл зургийг (сэлфи) хавсаргажээ.

Аргенто 1997 оны Канны Кино наадмын үеэр 21 настайдаа Харви Уэйнштэйнд хүчиндүүлснээ хэвлэлд дэлгэж, энэ нь #MeToo хөдөлгөөнд чухал түлхэц болсон юм.

 

Эх сурвалж: Time.Com