Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Италийн нурсан гүүрний архитектор 39 жилийн өмнө эрсдэлийг анхааруулж байжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Саяхан Италийн хойд бүсийн Генуя хотын ойролцоох автомашины гүүр нурж, амиа алдагсдын тоо сүүлийн байдлаар 43 хүрээд байна.

Тэгвэл энэхүү аварга байгууламжийг зохион бүтээсэн инженер гүүр нурах аюулыг бараг 40 орчим жилийн өмнө анхааруулан бичиж байжээ.

Италийн төрийн өмчит RAI телевизийн суваг инженер агсан Риккардо Морандигийн 1979 онд бичиж байсан нийтлэлийг олсноо Ням гарагт үзүүлсэн байна.

Үүнээс 12 жилийн өмнө уг гүүрийг нээж, Морандигийн нэрээр нэрлэж байжээ. Моранди нийтлэлдээ “тэнгисийн чийглэг агаар, ойролцоох гангийн үйлдвэрийн бохирдол нийлээд гүүрний гол тулгууруудыг зэврүүлэх хүчтэй нөлөө үзүүлж байна” гэж бичсэн байна.

Ийм бүтэцтэй байгууламжийг өөр орчин, цаг ууртай нөхцөлд байгуулахад үүнтэй адил сөрөг нөлөө үзүүлж байгаагүйг тэр дурджээ. 

Тиймээс ойрын хугацаанд гүүрний тулгуур хэсгүүдийн зэвийг цэвэрлэж, өндөр эсэргүүцэлтэй резин материалаар бүрэх арга хэмжээ авахыг зөвлөж байсан байна.

Гэвч 39 жилийн өмнө өгч байсан Морандигийн зөвлөгөөг дагаагүйгээс наймдугаар сарын 14-нд уг гүүрний гол хэсэг нурж, олон хүний аминд хүрснээс гадна ойр орчимд нь амьдардаг иргэдийг нүүлгэн шилжүүлүүлэхэд хүргэсэн юм.

Аврах албаныхан хохирогчдыг эрэн хайх ажлаа өчигдөр буюу Ням гарагт дуусгаж, одоо Италийн дэд бүтэц, тээврийн яамны томилсон инженерүүдийн баг ослын шалтгааныг тодорхойлох үзлэг шалгалт хийж эхэлжээ.

 

Эх сурвалж: Associated Press