Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

“Саятан хөрш”-үүд даруу амьдралыг эрхэмлэдэг

ikon.mn
2018 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Бидний ихэнх нь баян хүмүүсийг үрэлгэн гэж боддог. Гэвч тэд амьдрал дээр үүний эсрэг хатуу зогсдог ажээ. Арвич, хямгач байдал, амьдралын хэмнэлттэй хэв маяг саятнуудыг бүтээжээ. Олсныхоо хэрээр үрэх бус, харин олох тусмаа хурааж, хуримтлуулах нь тэдний зуршил гэвэл ононо. Чинээлэг амьдралтай хүмүүс орлогоосоо давсан зарлага хэзээ ч гаргадаггүй.

Тэд хэрэглээндээ хэт анхаарч, тогтсон хэв маягаа эвдэж, өөрийн хязгаараа давдаггүй байна. Өөрөөр хэлбэл, хэчнээн олсон ч түүнийгээ зөв зохистой зарцуулах, ашигтай хөрөнгө оруулалт хийх, илүү өсгөж үржүүлэхэд түлхүү анхаардаг гэдгийг “Саятан Хөрш” батална. Үрэлгэн амьдралаар амьдарч байгаа хүн чинээлэг нэгэн болоход хол аж. Харин энэ зуршлынхаа эсрэг байсан цагт тэр боломж өөрөө ирдэг гэдгийг “Саятан Хөрш”-өөс харж болно. 

Бусдад өөрийгөө амжилттай яваа гэж итгүүлэх, эсвэл зөвхөн өнөөдрөөрөө амьдарна гэвэл үрэлгэн хэрэглээ улам газар авна. Гэвч энэ зан санхүүгийн эрх чөлөөнд эзнээ хэзээ ч хүргэдэггүй байна. Америкийн саятнууд хуучин машин худалдаж авдаг гэвэл та итгэх үү. Тэд заавал брэнд өмсөж, зүүх ёстой гэж хөөцөлдөөд байдаггүй. Амьдрал нь энгийн бөгөөд хэрэглээ нь ихэд даруухан аж. Үүнийг “Саятан Хөрш”-өөс уншиж мэдлээ. Гэтэл бид өнөө цагт хэрэглээнд хэт ач холбогдол өгч, түүнийг шүтэж, хэрэглээгээ гүйцэж чаддаггүй өрхийн эдийн засаг доройтож байгаа тал бий.

Үрэлгэн амьдралтай мөртлөө баялаг хуримтлуулж чаддаг хүн тун ховор

Хүмүүсийн шагшин магтдаг тэр гял цал амьдралтай саятнууд Америкийн чинээлэг хүмүүсийн өчүүхэн хэсэг нь аж. Өнөөдөр үнэтэй машин, чамин брэнд, тансаг хаус энэ болгон тухайн хүний хөрөнгө чинээг илтгэх туйлын үнэн үзүүлэлт биш болжээ. Ялангуяа, Америкийн саятнуудыг зөвхөн эдгээр хэмжүүрээр тодорхойлно гэвэл хол зөрүүтэй хариулт гарч мэдэхээр байна. Америкийн саятнуудын дөнгөж 14 хүрэхгүй хувь нь хөрөнгө өвлөж авсан бол үлдсэн хэсэг нь өөрийн хүчээр саятны эгнээнд оржээ. Судалгааны сонирхолтой дүн танилцуулахад, өөрийн хүчээр баяжсан хүмүүс өв залгамжлагчидтай харьцуулахад хувцас болон бусад чинээлэг байдлыг илтгэх эд бараанд маш бага мөнгө зарцуулдаг байна. Энэ үзэгдэл манай улсад ч мөн ойролцоо болов уу гэж таамаглана.

Саятан болж байгаа хүмүүсийн нийтлэг төрх гэвэл, тэд арвич, хямгач, даруу амьдралтай бас зарчимч, хэрэглээ багатай. Үүнийг Америкийн саятнуудаас харж болно. Тэдний олонх нь ийм хэв маягаар амьдардаг аж. Харин айл өрхийн олонх нь маргаашийнхаа мөнгийг өнөөдөр зарцуулах хэрэгтэй гэж үздэг. Тэд өр зээлээс салдаггүй, олсон бүхнээ хэрэглээнд зарцуулах хандлагатай аж. Ийм хүмүүсийн дийлэнх нь харагдах байдлаараа хүний анхаарал татаад байхгүй, элбэг дэлбэг бус хүмүүсийг амжилтгүй хүмүүс гэж дүгнэх нь бий. 

“Саятан хөрш”-ийн зохиогчид саятнуудаас гурван асуултад хариулт авчээ. Тэд:

  • Таны эцэг, эх арвич хямгач хүмүүс байсан уу?
  • Та арвич хямгач уу?
  • Таны гэр бүлийн хүн таниас илүү арвич хямгач уу? хэмээн асуужээ. 

Үүнээс сүүлийн асуулт илүү онцгой ач холбогдолтой болж байна. Баялгийг хамгийн идэвхтэй хуримтлуулдаг хүмүүс арвич, хямгач байгаад зогсохгүй, гэр бүлийн хүн нь илүү арвич, хямгач байх хандлагатай байна. Америкт л гэхэд чинээлэг өрхийн 95 хувь нь гэрлэсэн хосууд байна. Өөрийн зүтгэл, хүчээр баяжсан нэгэн саятан “Би эхнэрээ мөнгө үр гээд ч тэр үрж өгдөггүй” гэжээ. Хэрэв хүмүүс үрэлгэн нэгэнтэй гэрлэсэн бол тэд ихэнхдээ өөрийн хөдөлмөрөөр чинээлэг болж чаддаггүй. Гэрлэсэн хосуудын нэг нь үрэлгэн бол тэд баялаг хуримтлуулж чадахгүй. Хосуудын аль нэг нь, эсвэл хоёулаа амжилттай бизнес босгохоор хичээж байгаа бол арвич, хямгач байх шаардлага улам өндөр тавигддаг. Үрэлгэн амьдралтай мөртлөө баялаг хуримтлуулж чаддаг хүн тун ховор аж. Энэ болгоныг “Саятан Хөрш”-өөс өөрийн санхүүгийн боловсролд тусгаж, өрхийн эдийн засгаа босгох, өөрийн хүчээр баялаг хуримтлуулах боломж хүн бүхэнд бий. Америкийн саятнууд байнга төсвийн тооцоо хийж, зардлаа хянаж байдгийн хүчинд саятан болцгоожээ. Энэ зарчмаа тэд ямагт барьж байдгийн үр дүнд чинээлэг хэв маягаа хадгалж чаддаг байна. 

Нийтлэлийнхээ төгсгөлд “Саятан Хөрш” номын талаар товчхон мэдээлэл хүргэе. Хувь хүний санхүүгийн мэдлэг, боловсролыг дээшлүүлж, хариуцлагыг сайжруулахад уг ном чиглэжээ. Энэ бүтээл шилдэг борлуулалттай номын жагсаалтад 179 долоо хоногийн турш дараалан шалгарч, дэлхий дахинд 10 гаруй хэл дээр орчуулагдсан байна. Америкийн чинээлэг 14 мянган эрхэмийг оролцуулан хийсэн судалгааны үндсэн дээр уг ном бичигджээ. Өрхүүд олж байгаагаасаа бага зардал гаргаж, зөрүүгээр нь хөрөнгө оруулалт хийж, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хуримтлалаа нэмэгдүүл. Зургаа, эсвэл долоон оронгоор хэмжигдэх цалингүй ч тууштай, нямбай, хичээнгүй, арвич хямгач байж чадвал чинээлэг нэгэн болж болно гэдгийг “Саятан Хөрш” илтгэнэ. 

 

Б.Мөнх-Эрдэнэ