Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Венесуэль улс энэ онд тав дахь удаагаа цалин хөлсний доод хэмжээг ахиуллаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өнөөдрөөс эхлэн Венесуэль улс таван тэгийг нь хассан шинэ мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулж байна.

Үүнтэй зэрэгцэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг их хэмжээгээр өсгөж байгаагаа тус улсын ерөнхийлөгч Николас Мадуро өнгөрсөн Баасан гарагт зарлажээ.

Энэ он гарсаар тав дахь удаагаа ийм арга хэмжээ авч байна.

Гэвч Мадурогийн эдгээр арга хэмжээнүүд нь Венесуэлийн эдийн засгийг улам дордуулна гэж ажиглагчид үзэж байгаа юм.

Тус улсын сөрөг хүчнүүд уг шинэчлэлийг эсэргүүцэн Мягмар гарагт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар болсон байна.

Шинэ мөнгөн тэмдэгтийн ханшийг Венесуэлийн криптовалют болох Петротой хатуу уяжээ.

Нэг Петро нь Венесуэлийн нэг баррель нефтийн үнэ болох $60-аар үнэлэгддэг. Энэ нь өнөөдөр гүйлгээнд гарч байгаа шинэ боливараар бол 3,600-тай тэнцэнэ.

Шинээр тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь хагас Петро буюу 1,800 шинэ боливар юм. Энэ нь хар захын ханшаар бол $28 орчим бөгөөд өмнөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 34 дахин их.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өмнө нь нэг доллар хүрэхгүй хэмжээтэй байсан юм.

Ийнхүү автобусны жолооч асан, үйлдвэрчний эвлэлийн зүтгэлтэн Николас Мадурогийн эдийн засгийн шинэ бодлого өнөөдрөөс эхлэн хэрэгжиж байна.

Олон улсын ажиглагчид энэ долоо хоногийг Венесуэлийн хувьд хатуу ширүүн тэмцэл, эмх замбараагүй байдлаар дүүрэн болно гэж таамаглаж байгаа юм.

 

Эх сурвалж: AFP