Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Чинзориг: Бид оюуны потенциалаараа бус технологийн хувьд хоцрогдоод байна

Б.Мөнхзул, Үндэсний шуудан
2018 оны 8 сарын 20
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголчууд зөвхөн спорт, урлагаар бус боловсролын салбарт ч дэлхийд өндөр амжилт гаргаж, эх орноо сурталчилдаг. Тодруулбал, олон улсын түвшинд зохион байгуулагддаг математик болон байгалийн ухааны хими, физик, биологийн . олимпиадад манай сурагчид тогтмол өндөр амжилт үзүүлэх болсон билээ. Үүний нэг жишээ нь 7 сарын 15-22-нд Ираны нийслэл Тегеран хотноо зохион байгуулагдсан олон улсын биологийн 29 дэх удаагийн олимпиад юм. Манай улс өмнө нь Олон улсын Биологийн олимпиадаас 2014, 2016 онд тус бүр хүрэл болон мөнгөн медаль хүртэж байсан.

Тэгвэл энэ удаагийн Монголын биологийн баг хос хүрэл медаль хүртсэн амжилттайгаар эх орондоо иржээ. Монголын багийн бүрэлдэхүүнд Олимпиадын хорооны нарийн бичгийн дарга, биологийн олимпиадын ахлагч, МУИС-ийн дэд профессор, багш Д.Нарангарвуу, МУИС-ийн дэд профессор, биологийн олимпиадын хорооны гишүүн, багш Л.Ариунцэцэг, “Орчлон"олон улсын сургуулийн биологийн багш Д.Чинзориг, “Болор” ахлах сургуулийн биологийн багш М.Цогт-Итгэл болон дөрөөн сурагчийн бүрэлдэхүүнтэй оролцсон байна.

Улмаар"Орчлон”сургуулийн сурагч А.Ашид болон "Болор" ахлах сургуулийн сурагч Б.Билгүүн, нар хүрэл медалийн болзол хангажээ. 1990 онд анх зохион байгуулагдсан уг олимпиадын 29 дэх удаагийнх нь Ираны Тегеранд болоход 70 орны 269 сурагч оролцсон байна. Манай улсын хувьд 1997 оноос хойш оролцохдоо дөрөв дэх медалиа авсан нь энэ. Ингээд олон улсын биологийн олимпиадад шавиа амжилттай бэлтгэж оролцуулсан биологийн багш, магистр Д. Чинзоригтой ярилцсанаа хүргэе.

-Олон улсын биологийн олимпиадад Монголын баг амжилттай оролцож, анх удаа хос медальтай ирсэнд баяр хүргэе. Энэ удаагийн олимпиадын сонин сайхнаас мэдээлэл хүргээд ярилцлагаа эхлүүлэх үү?

-Баярлалаа. Олон хүний туслалцаа дэмжлэгээр ийм сайхан амжилт үзүүлээд ирлээ. Манай улсын хувьд 1997 оноос адх уг олимпиадад оролцож эхэлсэн. Гэхдээ тогтмол биш. Харин 2005 оноос бүх олимпиадыг алгасалгүй оролцсон байдаг юм. Ингээд анхны медалиа 2014 онд хүрэл медалиар эхлүүлж, 2016 онд мөнгө болгосон. Харин энэ жилийн хувьд анх удаа хос медальтай эх орондоо ирлээ. Олимпиадад нэг улсаас дээд тал нь дөрвөн сурагч өрсөлдөх боломжтой. Үндсэн баг буюу хоёр багш, дөрвөн сурагчийн зардлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хариуцдаг. Тиймээс өнгөрсөн хугацаанд хоёр багштай л явдаг байлаа.

Харин энэ жил анх удаа дөрвөн багштай явсны үр дүн нь хос медаль юм. “Болор” ахлах сургуулийн багш М.Цогт-Итгэл болон миний бие олимпиадын бүрэлдэхүүнд багтахад тус тусын сургууль маань санхүүгийн дэмжлэг үзүүлж, зардлыг маань даасан. Медаль авсан хүүхдүүдээс М.Билгүүн 12 дугаар ангийн сурагч. Өмнө нь нэг удаа олимпиадад оролцсон туршлагатай. Харин А.Ашидын хувьд аравдугаар ангид сурдаг, анх удаа олон улсын олимпиадад өрсөлдөөд медальд хүртсэн нь онцлох амжилт юм болов уу. Эндээс харахад бид үнэхээр сайн бэлдэж чадвал манай хүүхдүүд олон улсын түвшинд үүнээс илүү амжилт гаргах боломж байна.

-Олон улсын олимпиадад оролцох сурагчдыг яаж сонгодог юм бэ. Улсын олимпиадад түрүүлж эрхээ авсан нь оролцдог юм уу, эсвэл тусгай сонгон шалгаруулалт байна уу?

-Эхлээд дүүргийн олимпиадад оролцож шалгарах ёстой. Энэ жилийн хувьд бараг 2,000 орчим сурагч оролцсон гэх тоон мэдээ бий. Эндээс шалгарагсад нийслэлд өрсөлдөнө. Улмаар нийслэлийн есөн дүүргээс гадна 21 аймгаас шалгарсан нийт 30 сурагч өрсөлдөж түрүүлсэн нь олон улсад өрсөлдөх эрх авдаг байсан. Харин энэ жилийн хувьд нийслэлээс 12 хүүхэд анх удаа шалгаруулсан юм. Түүн дээр 21 аймгаас шалгарсан 21 сурагчаа нэмээд 33 хүүхэд улсын олимпиадад өрсөлдсөнөөрөө онцлогтой.

Есдүгээр ангийнхан дотооддоо өрсөлдөөд тэмцээн нь дуусдаг бол 12 дугаар ангийнхан олон улсад өрсөлдөх эрх авдаг. Энэ жилийн Улсын Биологийн олимпиадаас шалгарч олон улсад өрсөлдөх эрх авсан дөрвөн хүүхдийн хоёр нь 10 дугаар ангийн сурагч гэдгээрээ онцлогтой. Мөн миний бэлтгэсэн 10-р ангийн сурагч А.Ашид нийслэлд 11 байр эзэлж улсын олимпиадад орох эрх авсан ба Улсын олимпиадад оролцож мөнгөн медаль хүртсэн юм.

Улмаар олон улсын олимпиадаас хүрэл медаль хүртсэн явдалд багшийн хувьд маш баяртай байсан. Миний ажигласнаар сүүлийн гурван жилд Монголын Биологийн улсын олимпиадын асуултын агуулга, чанар жил бүр сайжирч олон улсын түвшинд ойртож байгаа явдалд шавиа бэлтгэж оролцуулдаг багш хүний хувьд ихээхэн талархаж байгаа.

-Биологийн олимпиадад оролцож байгаа сурагчид ямар даалгавар гүйцэтгэдэг нь ихээхэн сонирхол татаж байна. Математик бол зөвхөн тоогоо л бодно. Хими, физик ч мөн адил. Тэгвэл биологи?

-Математик бол тооцооллын ухаан төдийгүй хүн бүр заавал судлах хэрэгцээ юм. Байгалийн ухааны хичээлүүд болох физик, хими, биологийг нэгтгээд шинжлэх ухаан гэх ойлголтод хамруулна. Эдгээрээс биологийн салбар нь хамгийн залуу шинжлэх ухаан юм.

Байгалийн ухааны хичээлүүдийн нэг онцлог нь бүгд онол болон лабораторийн туршилтын ажлуудтай. Биологийн дадлага ажил нь үндсэн дөрвөн хэсэгтэй. Бидний сайн мэдэх амьтан болон ургамлын дадлага ажлууд, мөн молекул биологи, биохими болон экологи, эволюцын гээд нийтдээ дөрвөн дадлага ажил гүйцэтгэдэг. Мөн онолын хоёр хэсэгтэй.

-Олон улсад илүү өндөр амжилт үзүүлэхийн тулд тулгардаг бэрхшээл нь юу вэ?

-Байлгүй яахав. Жишээ нь, олон улсын олимпиадын үеэр хэрэглэдэг орчин үеийн багаж төхөөрөмжүүдийг манай хүүхдүүд өмнө харж байгаагүй, барьж үзээгүй тохиолдлууд гардаг. Энд бидэнд байгаа нөхцөл бололцоондоо тааруулаад хэдэн ч удаа бэлтгэл хийж болно. Гэтэл тэнд очоод сүүлийн үеийн шинэ тоног төхөөрөмжүүдтэй тулгардаг. Гэтэл түүнийг өмнө нь хараагүй манай сурагчид хөгжлийн, соёлын шоконд орох тохиолдлууд бий. Хараагүй, барьж үзээгүй технологи дээр ажиллах нь бидэнд тулгардаг хамгийн том бэрхшээл юм. Харин бид онолыг бол ямар ч аргаар бүх хүчин чадлаа дайчлан бэлтгэж болно.

Онолын асуултуудын хувьд хүүхдүүд маань боломжийн оноо авсан ч гэсэн дадлага ажил дээрээ тааруу үр дүн үзүүлбэл хичээл зүтгэл маань талаар болж байна гэсэн үг. Тэгэхээр дадлага ажил дээр алдаа гаргасан сурагчдаа бид буруутгах боломжгүй. Яалт ч үгүй улс орны технологийн хоцрогдол нь манайхны амжилтад сөргөөр нөлөөлж байгаа юм. Хэрвээ манайд олон улсын түвшинд хөгжсөн техник, тоног төхөөрөмж хангалттай байдаг бол Монголын хүүхдүүдийн амжилт өнөөдрийнхөөс илүү гарсан байхыг үгүйсгэхгүй. Бид оюуны потенциалаараа бус технологийн хувьд хоцрогдоод байна.

Хоёрдугаарт, сурагчдаа удирдаж яваа хоёр багш гуравхан хоногийн дотор олимпиадын материалыг орчуулдаг. Дор хаяж 100 гаруй хуудас материал олон улсын олимпиадын хорооноос ирдэг. Энэ бол маш хүнд бөгөөд том ажил. Зарим үед үнэхээр амжихгүй болоод дутуу орчуулах тохиолдол байсан тухай сонссон. Сурагчдаа удирдаж явдаг хоёр багшийн зовлонг өөрийн биеэр мэдэрч, нүдээр харж байж итгэлээ. Энэ жил намайг болон Болор сургуулийн багшийн зардлыг тус тусын сургуулиас дааж явуулсан учраас бид анх удаа дөрвөн багшийн бүрэлдэхүүнтэй оролцсон.

Ингээд олон улсын олимпиадын материалыг  хамтдаа сууж орчуулсны хүчинд тэдний энэ их ажлыг бага ч гэсэн хөнгөвчилсөн. Орчин цагийн биологийн үг хэллэг тэр бүр монгол хэлэнд байдаггүй нь орчуулгын ажлыг гүйцэтгэхэд бэрхшээл учруулдаг. Хоёр шөнө нойргүй сууж орчуулга хийнэ гэдэг маш хүнд ажил байдаг юм билээ. Зардал мөнгөний асуудлаа хялбархан шийдэж чаддаг бол дөрвөн багш явуулахад асуудал бага гарч байна. 100 хуудас материал орчуулна гэдэг хоёр багшид дэндүү ахадсан ажил байсан шүү.

Гэтэл манай өмнөд хөрш БНХАУ болон өндөр хөгжилтэй Япон Улсын багууд гэхэд л арав гаруй багшийн бүрэлдэхүүнтэй ирж байна. Болдог сон бол цаашид дөрөв биш юмаа гэхэд гурван багш явуулах хэрэгтэй. Хоёр үндсэн багшаас гадна үнэхээр сайн орчуулга хийдэг, мэдлэгтэй нэг туслах багш дагалдуулмаар санагдсан. Тэгж чадвал тэр хэрээрээ амжилт өснө гэсэн үг.

-Манай сурагчид олон улсад очоод технологийн хөгжил, соёлын шоконд ордог талаар та хэллээ. Тэгвэл Монголдоо бэлтгэл хийхдээ ямар тоног төхөөрөмж дээр ажилладаг юм бэ?

-МУИС-ийн багш нар төлөвлөгөө гаргаад байгаа нөөц бололцоогоо ашиглаад чадлынхаа хэрээр онол, дадлага зааж байна. Нэг үеэ бодвол Монголын биологийн олимпиадын хороо маань чадлаараа л байгаа бүх нөөц боломжоо ашиглан дадлага (туршилтын) ажлуудыг хийлгэдэг.

Сүүлийн жилүүдэд олон улсаас тухайн орны нөхцөл байдлыг харгалзан үзээд дадлага ажил эхлэхээс өмнө тухайн олимпиадад хэрэглэх тоног төхөөрөмжийг танилцуулдаг болсон. Хэдийгээр тухайн үед танилцаж байгаа ч гэсэн гардан хийж үзээгүй учраас алдаа дутагдал гарч болно. Гэхдээ энэ жилийн манай медаль авсан хоёр хүүхэд маань дөрвөн дадлага ажлын хоёрыг нь 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй хийсэн.

-Нэг зүйлийг сонирхож асуумаар санагдлаа. Дадлага ажил хийнэ гэхээр яг ямар даалгавар гүйцэтгэдэг юм бол?

-Дээр дурдсан дөрвөн хэсгийн хүрээнд молекулын түвшинд уураг болон ДНХ ялгах, түүнтэй холбоотой тооцоолол хийх хүртэл нарийн дадлага ажлуудыг гүйцэтгэдэг. Тухайлбал, молекул биологи, биохимийн болон экологи, эволюцын дадлага ажлууд дээр математик, статискийн тооцоолол хийгддэг тул энэ чиглэлээр бэлтгэж байгаа хүүхдүүд маань үүн дээр бас анхаарах хэрэгтэй. 

-Тэгэхээр олимпиадад оролцогчид зөвхөн биологийн хичээлдээ бус математик, гадаад хэлэндээ ч сайн хэрэгтэй байх нь ээ?

-Яг тийм. Монголчууд биологийн талаар хангалттай мэдээлэлгүй санагддаг. Орчин үеийн биологийг зөвхөн амьтан, ургамлаар төсөөлөх нь өрөөсгөл ойлголт. Энэ нь эсийн болон генийн түвшинд, бүр цаашилбал нарийн тооцооллын түвшинд хөгжсөн. Олон улсын олимпиадад бэлдэж байгаа хүүхэд англи ном уншиж байж дэлхийтэй өрсөлдөнө. Түүнээс биш монгол хэл дээр орчуулагдан гарсан ном сурах бичгүүдийг уншаад амжилт гаргана гэвэл хэцүү.

Нэг хүүхэд хамгийн багадаа 5,000 орчим хуудас бүхий материал англи хэл дээр уншиж байж олон улсын түвшинд өрсөлдөх боломжтой болж байгаа юм. Тиймээс нэгдүгээрт, гадаад хэлний мэдлэг сайн байх ёстой. хоёрдугаарт, уншсан материалдаа тулгуурлаад суурь мэдлэгүүдээ ашиглаад өгөгдсөн өгөгдлийг шинжлэх, хэрэглэх, тооцоолох суурь чадамжууд байх хэрэгтэй. Яагаад гэвэл олон улсын олимпиадад ихэвчлэн логик шаардсан асуулт их ирдэг. Суурь мэдлэгтэй, дээрээс нь логик чадвартай, уншсан мэдлэгээ хэрэглээ болгож чаддаг, түүндээ дүгнэлт хийх сэтгэхгүйтэй, гадаад хэлтэй бол олимпиадын асуултад хариулж чадна.

-Таны дараагийн зорилго юу вэ?

-Би ахлах сургуульд багшлаад дөрвөн жил болжээ. Энэ хугацаанд улсын биологийн олимпиадаас шавь нараа 10 гаруй медаль авхуулсан байна. Тиймээс одоо улсын олимпиадад сурагчдыг бэлтгэхээс илүү олон улсад амжилт гаргах сурагчдыг бэлтгэх тал дээр илүү анхаарлаа хандуулж байна.

Ингэхийн тулд 100-200 ам.долларын үнэтэй гарын авлага, сурах бичгийг өөртөө болон шавь нартаа хөрөнгө оруулан худалдаж авч ашигладаг. Ерөнхий боловсролын сургуулийн багшид тэр өндөр үнэтэй тоног төхөөрөмж нь байхгүй учраас гарын авлагаар л шавь нараа бүтэн жилийн турш бэлдэж байгаа юм. Ерөнхийдөө хүүхдүүдээ онолын хувьд сайтар бэлтгэхэд голлон анхаардаг.

-Манайхан олон улсын олимпиадад амжилт үзүүлээд ирлээ. Тэр багш, сурагчдын гаргасан амжилтыг салбар яам нь, эсвэл холбогдох хүмүүс хэрхэн урамшуулж байна вэ?

-Олимпиадад оролцохын тулд их өндөр зардал гардаг. Жил бүр тэр зардлыг нь даагаад, бодлогоор дэмжиж байгаа нь том дэмжлэг гэж үзэж байна. Амжилт үзүүлээд ирсний дараа урамшуулал гэх мэт зүйл хүлээхээс илүү биднийг жил бүр боломж бололцоогоор нь хангаж, бидэнд тулгардаг бэрхшээлийг шийдэж чадвал тэр нь шагнал юм. Үүнийг анхааралдаа авбал сайн байна. Энэ жил хос медальтай ирэхэд БСШУСЯ-ны фэйсбүүк хуудсанд биднийг онцолсонд үнэхээр их баярласан.

Энэ бол биднийг тоож харж буй нэг хэлбэр гэж ойлгож байгаа. Ямар ч байсан олон улсын биологийн олимпиадын хувьд маш олон хуудас орчуулгын ажилд одоогоор яамнаас томилж байгаа багшийн тоо хангалтгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж нэмэгдүүлэх тал дээр анхаарвал зүйтэй гэж харж байна. Харин сүүлийн үед хувийн сургуулиуд үүнд маш их анхаардаг болсон.

Тухайлбал, “Орчлон" сургууль л гэхэд миний зардлыг 100 хувь дааж олон улсын олимпиадад шавьтайгаа цуг оролцон одоогийн энэхүү амжилтыг гаргахад бүх талаар дэмжиж тусалсан. Энэ бол тус сургуулиас егсөн хамгийн том дэмжлэг гэж ойлгож байгаа. Энэ дашрамд, "Орчлон" сургуулийн захиргаа болон хамт олонд баярласнаа илэрхийлье. Мөн шаардлагатай сурах бичгүүдээр хангасанд талархаж байгаагаа танай сониноор дамжуулан хэлмээр байна.

Зураг