Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын төрийн тэргүүн Хойд Солонгост айлчлах гэж байгаа тухай мэдээллээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин ирэх сарын эхээр Хойд Солонгосын нийслэл Пёньянд айлчилж, тус улсын үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойд оролцохоор төлөвлөж байгааг Сингапурын Страйтс Таймс сонин өчигдөр мэдээлжээ.

Тус сонин мэдээллийг олж авсан эх сурвалжаа нууцалсан байна.

Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол Ким Жон Ун төрийн эрхийг барьж эхэлснээс хойш Хятадын төрийн тэргүүн анх удаа Пёньянд айлчилсан хэрэг болох юм.

Ирэх сард бас Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин Хойд Солонгосын нийслэлд айлчлахаар төлөвлөөд байгаа билээ.

Хойд Солонгосын үүсгэн байгуулагдсан өдөр нь есдүгээр сарын 9 байдаг. Олон улсын эдийн засгийн хоригт орсон Хойд Солонгосын гол ивээн тэтгэгч, худалдааны түнш нь Хятад улс юм.

АНУ тэргүүтэй холбоотнууд Пёньяны эрх баригчдыг цөмийн зэвсгээсээ бүрэн татгалзах хүртэл хоригийг цуцлахгүй гэсэн байр суурьтай байна. Энэхүү хоригийг зөрчиж Хойд Солонгост согтууруулах ундаа, тамхи нийлүүлсэн Хятадын компаниудад саяхан Вашингтон мөн эдийн засгийн хориг тавьсан юм.

 

Эх сурвалж: Korea Times