Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхэдгүй хүнээс татвар авдаг болох тухай санаа Хятадад маргаан дэгдээв

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногийн эхээр Хятадын хоёр эрдэмтэн хүүхэдгүй, эсвэл нэг хүүхэдтэй хүнээс татвар авах замаар хүн ам нь хөгширч байгаа улс үндэстнээ аврах санаагаа хэвлэлд дэлгэсэн нь иргэдийн хүчтэй эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарсан байна.

Олон жилийн турш “нэг хүүхэд”-ийн бодлого хэрэгжүүлж ирсэн Хятад улс 2016 оноос хоёр хүүхэдтэй болохыг гэр бүлүүдэд зөвшөөрч эхэлсэн. Гэсэн ч эрх баригчдын энэ алхам нэгэнт хожимдож, Хятадын хүн ам хөгшрөх замдаа эргэлтгүй ороод байгаа юм.

Өнгөрсөн Мягмар гарагт хоёр эрдэмтэн төрийн Синьхуа агентлагт өгсөн нийтлэлдээ 40-өөс доош настай, хүүхэдгүй, эсвэл нэг хүүхэдтэй иргэдээс жил бүр татвар авч, энэ хуримтлалаар олон хүүхэдтэй гэр бүлүүдийг дэмжих бодлого хэрэгжүүлэх тухай тайлбарласан байна.

Нанжиний Их сургуулийн эдийн засгийн ухааны профессорууд болох Лю Жибао, Жан Ие нар “Гэр бүлүүд хоёр дахь хүүхэдтэй болох үедээ энэ сангаас тэтгэмж авч, жирэмсэн үеийн амжиргааны зардал, хэрэгцээгээ нөхдөг байх ёстой” гэж тайлбарлажээ.

Мөн үүнээс гадна цугларсан мөнгөөр хүүхэд асрах газрын тоог нэмэгдүүлэх, хүүхэдгүй болон нэг хүүхэдтэй иргэд тэтгэвэрт гарахдаа төлж байсан мөнгөнөөсөө буцааж авдаг байх зэрэг хувилбаруудыг тэд дэвшүүлсэн байна.

Гэвч эрдэмтдийн санааг Хятадын Вэйбо сүлжээнд иргэд хүчтэй шүүмжилж эхэлжээ. Хятадын төрийн өмчийн CCTV суваг хүртэл энэ санааг буруушаасан тайлбарыг нийгэм эдийн засгийн тойм нэвтрүүлгээрээ хийсэн юм.

1970-аад оны үеэс хэрэгжүүлсэн “нэг хүүхэд” бодлогыг халсан ч Хятадын гэр бүлүүд олон хүүхэдтэй болохыг төдийлөн яарахгүй байгаа. Хориг цуцлагдсан эхний жил буюу 2016 онд орон даяар 17.9 сая хүүхэд мэндэлсэн нь өмнөх жилээсээ 1.3 саяар илүү, тооцоолж байсны дөнгөж талд нь хүрч байгааг тус улсын статистикийн байгууллага мэдээлсэн юм.

2017 онд төрөлтийн тоог 20 саяд хүрнэ гэж тооцоолж байсан бол бодит байдал дээр 17.23 сая хүрч бүр муудсан байна. Энэ үзэгдэл нь хүүхэд өсгөх, боловсрол олгох зардал Хятадад өндөр байгаатай холбоотой гэж судлаачид тайлбарлаж байгаа юм.

 

Эх сурвалж: AFP