Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маск зовлон шаналгаатай нэг жилийг өнгөрүүлж байгаагаа дэлгэсний дараа Теслагийн хувьцааны үнэ уналаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Саяхан Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск “New York Times” сонинд ярилцлага өгөхдөө сүүлийн нэг жил маш их стресс дарамт, шаналгаан дунд ажиллаж байгаагаас биеийн эрүүл мэнд нь муудсан тухай дэлгэсэн юм.

Үүний дараа Тесла компанийн хувьцааны үнэ огцом унаж, зах зээлийн үнэлгээнээс нь олон тэрбум хасагджээ.

Маск “Сүүлийн нэг жилийн хугацаа миний карьерын хамгийн хүнд, хамгийн зовлонтой цаг үе байлаа” гэж ярьсан юм. Баасан гарагийн арилжааны үеэр Теслагийн хувьцааны үнэ 9 хувиар унаж, үнэлгээнээс нь $5 тэрбум хасагдсан байна.

Энэ оны эхний улиралд $709.6 саяын алдагдалтай ажилласан Тесла масс зах зээлд зориулсан Model 3 автомашиныхаа үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлж чадахгүй байгаа.

Тиймээс Маск долоо хоногт 120 цаг ажиллаж, үр дүнд эрүүл мэнд нь доройтож, ойр дотны хүмүүсийн санаа зовж эхэлсэн тухай ярьжээ.

Заримдаа тэр 3-4 хоног үйлдвэрээсээ огт гаралгүй ажиллаж байсан гэнэ. Өнгөрсөн зургаадугаар сард Маск 47 нас хүрсэн бөгөөд төрсөн өдрөө 24 цагийн турш ажил дээрээ өнгөрөөжээ. Тэр бас ганц дүүгийнхээ хуриманд арай гэж амжиж очоод тун удалгүй ажил руугаа буцсан тухай ярьсан байна.

Маск бас саяхан Теслаг хувьчлах тухай твиттер хуудсаараа мэдэгдэж, зах зээлийг нэлээд бужигнуулсан.

Түүний энэ үйлдэл 1934 оны Үндэт Цаасны Арилжааны хуулийг зөрчсөн явдал гэж зарим хуульчид анхааруулж байгаа. Хуулинд зааснаар олон нийтийн компанийг хувьчлах төлөвлөгөөг баталгаатай шийдэгдээгүй үед зарлах нь хориотой байдаг ажээ. Мөн зах зээлийн үнэ ханшид нөлөөлөх оролдлого гэж үздэг юм байна.

Үүний дараа АНУ-ын санхүүгийн зах зээлийн зохицуулах байгууллага Тесла компанийг шалгаж эхэлсэн тухай мэдээлэл тараад байна.

Маск бас өнгөрсөн сард Тайландын агуйгаас хүүхдүүдийг аврах ажиллагаанд оролцох санал тавьж, тэр үедээ Британий аврагчтай твиттер сүлжээгээр хэрүүл маргаан дэгдээж байв.

Тэр бас твиттер сүлжээнд хөрөнгө оруулагчид, санхүүгийн шинжээчид, хэвлэл мэдээллийнхэнтэй хэд хэдэн удаа маргаан дэгдээж, шүүмжлүүлээд амжсан.

Теслаг хувьчлахтай холбоотой дэгдсэн маргаан нь “цаашид улам хүндрэх” шинжтэй байгааг Маск саяын ярилцлагадаа хүлээн зөвшөөрсөн байна.

 

Эх сурвалж: The Guardian