Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Туркийн иргэд iPhone-оо эвдэж, АНУ-ын ерөнхийлөгчид эсэргүүцлээ илэрхийлж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Туркийн иргэдийн iPhone гар утсаа эвдэлж, буудаж, шатааж байгаа дүрс бичлэгүүд сүүлийн үед сошиал сүжээнд ихээр тархаад байна.

Тэд ингэснээрээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын эдийн засгийн хоригийг эсэргүүцэж, өөрийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоганы бодлогыг дэмжиж байгаагаа харуулж байгаа юм.

Тухайлбал нэг видео дүрсэнд Туркийн далбааны өмнө зогссон эр Трампаас “Чи өөрийгөө хэн гэж бодсон юм бэ?” гэж асуусны дараа лантуугаар таван ширхэг iPhone утсыг бяц цохиж харуулжээ. Түүний ард гар утаснуудаасаа татгалзсан дөрвөн хүү нь өвдөглөн суусан харагдаж байгаа юм.

Тэр бас “Хэрвээ чи биднийг өлсгөнө гэж сүрдүүлбэл бидний зөвхөн инээдийг хүргэх болно” гэж хэлжээ.

Өөр нэг видеонд нэгэн хүн iPhone-оо ойрын зайнаас гар буугаар буудаж байгаа юм. Энэ мэтээр шатаах, нүцгэн гараараа цохиж эвдэх зэрэг үйлдлүүдийн дүрс бичлэг тарж эхэлсэн байна.

АНУ-ын иргэн, шашны номлогч Эндрью Брансоныг Туркийн эрх баригчид 2016 оны төрийн эргэлтийг дэмжсэн шалтгаанаар баривчилж, хориод байгаа нь хоёр орны хооронд эдийн засгийн дайн дэгдээсэн юм.

Саяхан Эрдоган олны өмнө үг хэлэхдээ “Хэрвээ тэдэнд iPhone байгаа бол нөгөө талд Самсунг байна. Бидэнд бас Venus Vestel байна” гэж хэлж байв.

Venus Vestel нь Туркийн өөрийнх нь гар утас үйлдвэрлэгч юм.

Эрдоган бас “Бид өөрсдийгөө хангаж хүрэлцэхүйц зүйлсийг үйлдвэрлэж чадна. Бид тэдний импортын бараанаас чанартайг хийж чадна” гэж хэлсэн байна.

Харин саяхан Вашингтоны эрх баригчид Брансоныг суллахгүй бол дахин нэмж хориг арга хэмжээ авахаа мэдэгдээд байгаа юм.

 

Эх сурвалж: Time.Com