Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ баг Португаль дасгалжуулагчтай боллоо

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн Холбоо тус улсын үндэсний шигшээ багийг Португалийн иргэн Пауло Бенто дасгалжуулахаар томилогдсоныг зарлалаа.

1990-ээд оны Португалийн шигшээгийн тамирчин, 2004 оноос дасгалжуулагчийн замналаа эхэлсэн Бенто хамгийн сүүлд 2002 оны ДАШТ-д шигшээ багийн өмсгөлтэй талбайд гарч байжээ.

Тэр одоо Өмнөд Солонгосын шигшээг 2022 оны Катарын ДАШТ-д бэлдэж оролцуулна. Өмнөх дасгалжуулагч Шин Тэ Ён багаа 2018 оны ДАШТ-ий хасагдах шатанд шалгаруулж чадаагүй ч хэсгийн сүүлчийн тоглолтдоо Германы шигшээг хожуулж, дуулиан тарьж байсан.

Дасгалжуулагч сонгон шалгаруулах хорооны дарга Ким Пан Гон “Бенто Португалийн шигшээг 24 хожил, 11 тэнцээ, есөн хожигдолтой дасгалжуулж байсан. Өмнө нь Спортинг клубыг дасгалжуулахдаа 139 хожил, 51 тэнцээ, 39 хожигдол авчирч байсан хүн. Түүний өрсөлдөгчдөө сөрөг довтолгоо зохион байгуулах боломж өгөлгүй шахаж тоглодог арга барил нь манай философитой нийцдэг” хэмээн мэдэгджээ.

49 настай Бентог дагаж Сержио Коста, Фелипе Коельо, Витор Силвестре, Педро Перейра гэсэн дөрвөн мэргэжилтэн Өмнөд Солонгост ирж байгаа гэнэ. 

Бенто 2004-2010 онд Португалийн алдарт Спортинг Лисбон клубыг дасгалжуулж, 2010-2014 онд шигшээ багийг дасгалжуулж байв. Тэр шигшээ багаа Евро 2012-ийн хагас шигшээ шатанд шалгаруулж, 2014 оны ДАШТ-д оролцуулж чадсан. Гэхдээ ДАШТ-д хэсгээсээ гарч чадаагүй, Евро 2016-ын өмнөх тоглолтуудад амжилт муутай байсны улмаас шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаа хүлээлгэн өгсөн юм.

Дараа нь тэр Бразилын Крузейро, Грекийн Олимпиакос багуудыг дасгалжуулж байгаад сүүлд Хятадын Чончинь Лифан клубт ирсэн байна.

Бенто нь 2003-2004 онд ажиллаж байсан Умберто Коельогийн дараа Өмнөд Солонгосын шигшээ багийг дасгалжуулж байгаа хоёр дахь Португаль мэргэжилтэн болж байгаа юм.

Ирэх сард Өмнөд Солонгосын шигшээ баг Коста Рика, Чилийн шигшээ багуудыг нутагтаа хүлээн авч нөхөрсөг тоглолт хийх ба энэ нь Бентогийн анхны сорилт болох ажээ.

 

Эх сурвалж: Yonhap News