Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

18 дугаар сургуулийн эцэг, эхчүүдийн төлөөлөл шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Улсын тэргүүний 18 дугаар дунд сургуулийн эцэг, эхийн төлөөлөл өнөөдөр хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийлээ. 

2014-2017 оны дөрөвдүгээр сар хүртэл тус сургуулийн захирлаар ажиллаж байгаад халагдсан Х.Чинбат багш шүүхэд хандаж, буцаад ажилдаа орох шүүхийн шийдвэр гарсныг эцэг, эхчүүд эсэргүүцэж байгаа аж.

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ талаар тус сургуульд нягтлан бодогчоор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан иргэн М.Цэвэгээ "Би энэ сургуульд 1990-2012 онд ажиллаад тэтвэртээ гарсан. Тийм учраас сургуулийн талаар сайн мэднэ. Миний хүү 18 дугаар сургуулийг төгссөн. Одоо ач, зээ хоёр маань бас суралцдаг. 

Х.Чинбат захирал 2014 оны аравдугаар сараас 2017 оны дөрөвдүгээр сар хүртэл хоёр жил гаруй ажиллахдаа өмнөх удирдлагууд бидний хийж бүтээсэн зүйлсийг устган үгүй хийсэн. Ингээд 43 зүйлээр буруутгагдаж ажлаас халагдсан. Тодруулбал, Биеийн тамирын заалыг түрээсэлж мөнгийг нь хувьдаа завшсан, үдийн цайны мөнгөнөөс завшсан, сонгон шалгаруулалтаар улаан шугамнаас доош жагссан 150 гаруй хүүхдээс хандив тусламж нэрээр мөнгө авсан гэх мэдээлэл байдаг.

Халагдсанаасаа хойш шүүхээр явсан Х.Чинбат одоо ажилдаа эргэж орох тухай шүүхийн шийдвэр бариад ирчихээд байгаа. Эцэг эхчүүд бидний зүгээс хүүхдийнхээ ирээдүй, сургалтын чанарын төлөө Х.Чинбат захиралаас татгалзаж байна. Түүнийг ажлаасаа халагдсаны дараа ирсэн захирал  болон н.Оюунцэцэгээр сургуулийг удирдуулах, ер нь тухайн сургуулийг байнгын тогтвортой удирдлагаар хангаж өгөхийг яам болон Нийслэлийн боловсролын газраас хүсч байна. н.Оюунцэцэг захирал хэлний мэргэжлийн хүн гэсэн. Ямартай ч жил гаруйн хугацаанд ямар нэгэн асуудал гаргаагүй. Бас сургууль гадна орчноосоо авахуулаад сургалтын чанар ч сайжирч байгаа гэж бид үзэж байгаа" хэмээн ярилаа.

Нэг анги нь 60 гаруй хүүхэдтэй байдаг тус сургууль 1.5 сая төгрөгийн хандив авч хүүхэд элсүүлдэг гэнэ

18 дугаар сургуулийн 3 дугаар ангийн сурагчийн аав/нэрээ хэлэхийг хүсээгүй/-ын хэлж буйгаар хүүхдийнх нь анги 65 хүүхэдтэй гэнэ. 

Тус сургууль хамран сургах тойрог харгалзахгүйгээр хүүхдүүдийг сонгон шалгаруулалтад оруулж 40 хүүхэд шалгаруулан авна гэдэг ч нэг мэдэхэд анги 60 гаруй хүүхэдтэй болсон байдаг гэв. 

Эцэг, эхүүдийн хэлж буйгаар сонгон шалгаруулалтад ороод эхний 40-д багтаагүй хүүхдийг хамгийн багадаа 1.5 сая төгрөгийн хандив авч сургуульд элсүүлдэг гэлээ. 

Энэ талаар ярьж, зарга хийх гэсэн ч "Хүүхдийг маань эргээд чичлэх вий, ад үзэх вий хэмээн айдаг учраас чимээгүй л байдаг" хэмээн эцэг эхчүүдийн төлөөлөл хэлсэн юм. 

Түүнчлэн тус сургууль орчмынхоо хоёр байрны хүүхдийг хамруулан сургадаг байсан хэдий ч Х.Чинбат захиралаар ажиллаж байхдаа буюу 2016 оноос хамран сургах тойроггүй болгосныг эцэг, эхчүүд эсэргүүцэж байгаагаа хэллээ.