Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Төсөв хэтэрсэн шалтгаанаар Трампын мөрөөдөж байсан цэргийн парадыг хойшлууллаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн онд Парист айлчлахдаа Францын армийн сүрт жагсаалыг үзэж бишрээд дараа нь Вашингтонд бас томоохон цэргийн парад зохион байгуулах тухай ярьж эхэлсэн юм.

Гэвч уг парадад анх төсөөлж байснаас гурав дахин их мөнгө буюу $92 саяыг зарцуулах болсон тул хойшлуулахаар болсныг Пентагоны албаны хүн өчигдөр мэдээлжээ.

“Батлан Хамгаалах Яам, Цагаан ордон хамтран Америкийн армийн ахмад дайчдын дурсгалыг хүндэтгэх, дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойг тэмдэглэх зорилгоор цэргийн парад төлөвлөж байв. Бид 2018 оны арваннэгдүгээр сарын 10-нд уг парадыг хийхээр төлөвлөж байсан ч одоо 2019 онд зохион байгуулахаар хойшлууллаа” гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч, хурандаа Роб Маннин мэдээлсэн байна.

Үүнээс өмнө гарсан мэдээллээр бол парадад $92 саяыг зарцуулах төсөв гарсны $50 сая нь нисэх онгоц, танк, техник хэрэгсэл, цэргүүдэд зарцуулагдахаар байв.

Үлдсэн хэсэг нь бусад алба нэгжүүдэд, голдуу зохион байгуулалт, хамгаалалтын асуудалд зарцуулагдахаар байжээ.

Энэ оны эхээр Цагаан ордны төсвийн захирал Конгресст танилцуулахдаа парадын зардлыг $10-$30 саяын хооронд болно гэж мэдэгдэж байв. Үүнийгээ тэр 1991 онд Вашингтонд болсон Персийн булангийн нэгдүгээр дайн дууссаны парадын зардал дээр үндэслэсэн гэж тайлбарлаж байжээ.

Гэвч сүүлд танилцуулсан төсөв нь үүнээс гурав дахин өндөр болсон нь парадыг хойшлуулахад хүргэсэн байна.

Өнгөрсөн онд Парист болсон Бастилийн цайзыг эзэлсний ойн өдөр буюу Францын үндэсний баярын өдөрт зориулсан парадыг үзсэн Дональд Трамп дараа нь “Бид үүнээс ч илүү парадыг зохион байгуулна” гэж амлаж байсан юм.

 

Эх сурвалж: AFP