Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хамгийн том шагналын сантай Бартендерийн тэмцээн болно

ikon.mn
2018 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Рестораны бизнес, зочлох үйлчилгээний салбарынханы нэг дор цугларах талбар бүхий RestoEXPO2018 үзэсгэлэнд ханган нийлүүлэгчдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг үзээд зогсохгүй суралцах, өөрийн мэдлэг, ур чадвараа сорих боломжийг олгосон тэмцээн уралдаанд оролцох боломжтой юм. RestoEXPO үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулагдаж буй.

Шинэ залуу шилдэг бартендер шалгаруулах тэмцээний онцлог, хэрхэн оролцох, тавигдах шаардлага, ач холбогдлын талаар Монголиан Бартендэр клубын тэргүүн Э.Жамсрангаас тодрууллаа.

- Шинэ Залуу Бартендер шалгаруулах тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

- Ресторан, паб, кафе, үйлчилгээний газруудын хамгийн гол амин судас нь бартендерүүд байдаг. Бартендераа дагаад тухайн газрын чиг хандлага, уух соёл, гол зүйлс нь харагддаг учраас тухайн газрын “зүрх” гэж ч ярьдаг. Өөрийн гэсэн тодорхой хэмжээний үйлчлүүлэгчтэй болчихсон хүмүүс байдаг. Монголд олон төрлийн бартендерийн тэмцээн зохион байгуулагдаж байсан. Гэхдээ энэхүү үзэсгэлэн дээр зохион байгуулагдах гэж байгаа шиг шинэ залуу үеэ дэмжсэн, илрүүлж гаргаж ирэх зорилготой тэмцээн бараг зохион байгуулагдаж байгаагүй. Мэргэшсэн бартендер гэхээсээ илүүтэй сонирхогч, суралцаж байгаа, мэргэжлийн хүмүүстэй өрсөлдөхөөс эмээдэг тэрхүү залуучуудыг гаргаж ирэх, олон нийтэд танилцуулах зорилгоор  Шинэ Залуу Бартендерийн тэмцээнийг манай клуб нь RestoEXPO2018 үзэсгэлэнгийн зохион байгуулагч нартай хамтран зохион байгуулж байна.

- Монголын бартендер клубын талаар? Хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ?

- Бартендер мэргэжилдээ дуртай, сонирхолтой, хайртай, өөр өөр газар ажилладаг сэтгэл зүрх нэгтэй 4 залуу нэгдэн, жилийн өмнө байгуулж байсан. Энэ салбарыг хөгжүүлье, илүү олон залууг нэгтгэе, нэгнийгээ дэмжье гэдэг зорилгоор байгуулсан. 

- Бартендер хүний хамгийн том давуу талыг юу гэж хардаг вэ? Зарим хүмүүс архи, пиво аягалаад байж байдаг хүмүүс гэсэн ойлголттой байдаг шүү дээ.

- Уух зүйлсийн мэдлэгтэй байна гэдэг бол маш том давуу тал. Заавал бартендер болохгүй ч гэсэн ямар газар ороод юу захиалж  уухаа мэддэг байна гэдэг нь тухайн хүнийг илтгэж байдаг. Сүүлийн жилүүдэд бартендер хүмүүсийг ойлгож, мэддэг болсон юм шиг санагддаг.

- Монголд ойролцоогоор хэд орчим бартендер байгаа бол?

- Бүртгэлтэй 100 гаруй бартендер залуус байгаа байх. Манай клубт үндсэн 13 гишүүн байдаг. Ресторан, паб, үйлчилгээний газрууд манай улсад эрчимтэй хөгжиж байна, энэ хирээрээ бартендер залуусын тоо ч ихсэж байна.

- Тэмцээний талаар эргээд ярилцья. Тэмцээн хэзээ болох вэ, оролцох бартендеруудэд тавигдах шаардлага байгаа юу?

- Шинэ залуу Бартендерийн тэмцээн 2018 оны 9-р сарын 17-18-ны өдрүүдэд Crocus Event Hall –д болох “RestoEXPO2018” үзэсгэлэн дээр болно. Тэмцээн 2 өдөр болох ба Хоёр үе шаттай явагдана.

Тавигдах шаардлагын хувьд гэвэл 18-с дээш насны залуус оролцох боломжтой бөгөөд өмнө нь ямар нэгэн тэмцээнд оролцоод шагналт байранд орж байгаагүй байх. Энэ нь ямар учиртай вэ? гэхээр шинэ залуу бартендеруудыг дэмжих, тэдний авъяас чадварыг хөгжүүлэх зорилгоор оролцогчдынхоо шаардлагыг тавьсан байгаа. Ямар нэгэн уралдаан тэмцээнд оролцон шагналт байранд орсон бол тухайн хүнийг туршлагатай мэргэшсэн гэж үзээд илүү шударга өрсөлдөөнийг бий болгохын тулд дээрх шалгуурыг байх ёстой гэж үзэж байгаа.

- Тэмцээний шагналын сан ямар байгаа вэ?

- Манай клубын зүгээс шинэ залуу бартендерүүдийн тэмцээнийг RestoEXPO үзэсгэлэнгийн ажлын хэсэг, зохион байгуулагч нартай хамтран хийж байгаадаа баяртай байгаа.  Коктэйл бол урлаг, энэхүү урлаг бүхий холимог ундааны соёлыг түгээгч бартендерүүдийг дэмжих тэмцээний маань шагналын сан өндөр байгаа шүү. Энэхүү тэмцээнд түрүүлнэ гэдэг нь шинэ залуу бартендерт маш том нэр хүнд бий болох төдийгүй, өөрийгөө бусдад харуулах, мэргэжлийн төвшинд очиж байнаа л гэсэн үг.   Тэмцээний 1-р байр 1 сая төгрөг, 2-р байр 700 мянган төгрөг, 3-р байр 500 мянган төгрөгийн шагналтайгаас гадна, бид Шилдгийн шилдэг бартендерт мэргэжлийн бартендерийн хэрэгсэл бэлэглэхээр байгаа. Монголд мэргэжлийн хэрэгсэлтэй бартендер цөөхөн байдаг.

Уух зүйлсийн соёлтой хэрэглээг түгээх хүсэл сонирхолтой, бартендерийн мэргэжлээр ажиллах сонирхолтой залуусыг дэмжиж тэмцээний шагналын санг бүрдүүлэн хамтран ажиллаж байгаа Гурмэ ХХК, Ноён уул ХХК-ийн хамт олондоо талархаж буйгаа илэрхийлье.

- Оролцохоор зэхэж байгаа залуучуудад шүүгчид сонирхолтой байгаа болов уу? Шүүгчдийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Шүүгчдийн хувьд олон жилийн туршлагатай мэргэжлийн бартендерүүд болон мэргэжилтэн хүмүүс байна. Бид мөн Оросоос мэргэжлийн бартендер шүүгчийг урьж ирүүлэхээр ажиллаж байгаа.   

-  Шинэ залуу бартендерийн тэмцээнд хэрхэн бүртгүүлэх вэ?

- Тэмцээнд оролцох бартендерүүд бүртгэлийн хуудсыг бөглөн buyandelger@gourmet-itd.com ирүүлэх ба мөн “Гурмэ” ХХК-ны байранд өөрийн биеэр очиж бүртгүүлэх боломжтой.  
Бүртгэл 2018 оны 09 сарын 08-ныг дуустал үргэлжлэх бөгөөд 30, 000₮ хураамжтай.  Дэлгэрэнгүй мэдээллийг 91207100, 80056665, 89003173 дугаараас аваарай. 

www.crocus.mn/restoexpo, www.facebook.com/RestoExpoMongolia 

- Тэмцээн болон бартендер мэргэжлийн талаар сонирхолтой мэдээлэл өгсөнд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.