Манай улсын иргэдийн нэг хоногийн хүнсний хэрэглээнд мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил зонхилсон хэвээр байна. Харин жимс, жимсгэнэ, хүнсний ногоо хангалтгүй байгааг Үндэсний статистикийн хорооны “Хүнсний аюулгүй байдлын статистикийн үзүүлэлтүүд 2017” судалгаа харуулжээ.
Улсын дунджаар жишсэн нэг хүний зуны улиралд хүнсний бүтээгдэхүүнээс авсан илчлэг 3065.9 киллкалори, уураг 136.1 гр, тос 70.4 гр, нүүрс ус 474.1 гр байгаа нь жишсэн нэг хүний хүнснээс авах илчлэгийн нормтой харьцуулахад 5.1-51.2 хувиар өндөр гарчээ.
Жишсэн хүн ам гэж насны бүлэг тус бүрийн хүний тоог шилжүүлэх итгэлцүүр ашиглан ижил түвшний дундаж хүнд шилжүүлэн тооцсон хүн амыг хэлнэ.
Энэхүү үзүүлэлт нь хот, хөдөөд харилцан адилгүй байж. Хотын хүн амын хүнснээс авах илчлэг, уураг, тосны хэмжээ физиологийн түвшнээс бага байсан бол хөдөөд хүнснээс авах илчлэг, уураг, тос, нүүрс усны илчлэг нормоос давсан байна.
Хүртээмжийн хувьд мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, будаа, саахар, чихрийн зүйлийн хүртээмж хангалттай байгаа бол бусад хүнсний бүтээгдэхүүний хүртээмж хангалтгүй буюу дутагдалтай гэсэн дүгнэлт гарчээ. Өөрөөр хэлбэл, хүн амын хүнсний хэрэгцээ нь үндсэндээ мах, махан бүтээгдэхүүн, сүү, гурил зонхилон хангагдсан хэвээр байна.
Хүнсний хангамжийг улсын хэмжээнд тухайн хүнсний бүтээгдэхүүний жилийн нийт нөөцийг жишсэн хүн амын хүнсний жилийн хэрэгцээнд харьцуулснаар тодорхойлогдоно. Хоногийн хэрэгцээний хувьд улсын дундаж бодит хэрэглээтэй харьцуулахад мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил зонхилон хангагдаж чадаж байгаа бол жимс, жимсгэнэ, хүнсний ногоо хангалтгүй хэвээр. Тодруулбал, жишсэн хүн амын жилийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлийн мах, махан бүтээгдэхүүн, төмсөөр бүрэн хангаж, гурилаар 99.2 хувь, хүнсний ногоогоор 51.3 хувь хангажээ.
Энэхүү хүснэгтээс харвал мах махан бүтээгдэхүүний тухайд гэхэд үагас, шувууны махны хүртээмж нь хангалттай байгаа ч иргэдийн хэрэглээ бага байгаа бол малын махыг хоногт авах хэрэгцээнээсээ хоёр дахин ба түүнээс дээш дахин хэтрүүлэн хэрэглэдэг байна.
Гэтэл хоногт авах жимний хэрэгцээнийхээ 1/3-ийг нь ч авч чаддаггүй төдийгүй хүртээмж нь үнэхээр хангалтгүй ажээ. Буурцагт ургамлын хувьд хоногт авах ёсны хүнсний хэрэгцээний хамгийн их хувийг эзэлж байхад иргэдийн хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад энэ төрлийн ногоо бараг байхгүй, хүртээмж нь бүр 0 хувьтай байгааг дээрх хүснэгтээс харж болно.
Энэхүү судалгааг хийх үеийн буюу 2017 оны жилийн эцсийн Монгол Улсын суурин хүн амын тоо 2017 онд 3,177,900, жишсэн хүн амын тоо 2,569,200 болж, суурин хүн амын тоо өмнөх оныхоос 58 мянган хүн буюу 1.9 хувиар, жишсэн хүн амын тоо өмнөх оныхоос 45.6 мянган хүн буюу 1.8 хувиар тус тус өссөн байна.