Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын бөмбөгдөгч онгоцнуудын нислэг эрчимтэй нэмэгдэж байгааг Пентагоны тайланд мэдээлжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Пүрэв гарагт Пентагон Хятадын батлан хамгаалах чадварын талаар “2018 China Military Power Report” тайлангаа гаргаж танилцуулжээ.

Уг тайланд өгүүлснээр Хятадын бөмбөгдөгч нисэх онгоцнуудын үйл ажиллагаа сүүлийн үед онцгой эрчимжиж, Хятадын эргээс улам бүр холдож, алсын зайн нислэг үйлдэх болсон байна.

“Хятадын Ардын Чөлөөлөх Арми (ХАЧА) усан дээрх ажиллагааны хүрээгээ хурдтай тэлж, тэнгисийн онцгой бүсүүдэд нислэг хийж байгаа нь АНУ болон түүний холбоотнуудын байнд цохилт өгөх дадлага байх магадлалтай” гэж тайланд дурджээ. Уг тайланг Пентагон жил бүр Конгресст зориулж гаргадаг юм.

 “ХАЧА үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр эргээс хол байгаа эхний арлуудыг давбал энэ нь АНУ болон түүний холбоотнуудын Номхон далайн баруун хэсэг дэх баазууд, тухайлбал Гуамд цохилт өгөх чадвараа харуулсан хэрэг болно” гэж цааш нь өгүүлжээ.

Өнгөрсөн онд ХАЧА-ийн бөмбөгдөгч онгоцнууд Япон тэнгис, Номхон далайн баруун хэсэг, Тайвань, зүүн ба өмнөд Хятадын тэнгисүүдийн дээгүүр 10 гаруй удаа нислэг үйлдэж байв.

Харьцуулбал 2015, 2016 онуудад тус бүр дөрвөн ийм ажиллагаа явуулж байжээ. 2013, 2014 онуудад бүр хоёр хоёр удаа зохион байгуулсан байна.

 

Мөн тайланд 2017 оны наймдугаар сард ХАЧА зургаан H-6K бөмбөгдөгч онгоцыг Окинава арлын дээгүүр анх удаа нисгэж, үйл ажиллагааны хүрээгээ өргөтгөснийг мэдээлжээ.

Тус арал дээр АНУ-ын 50,000 цэрэгтэй бааз ордшог.

Дээр дурдсан H-6K нисэх онгоцнууд нь газарт цохилт өгөх чадвартай зургаан ширхэг далавчит пуужин (LACM) тээвэрлэдэг бөгөөд энэ нь Гуамын аралд өндөр нарийвчлалтай цохилт өгөх боломжтой гэсэн үг юм.

Хятад улс нь Ши Жиньпиний тавьсан зорилтын дагуу энэ зууны дундуур зэвсэгт хүчнээ ямар ч орчинд дайтах чадвартай, дэлхийн номер нэг арми болгох гэж байгаа. Энэ зорилтын хүрээнд нисэх онгоц тээвэрлэгч, алсын зайн стратегийн бөмбөгдөгч онгоцнуудаар зэвсэглэлээ сайжруулж байна.

Тиймээс АНУ энэхүү үйл явцыг анхааралтай ажиглаж байгаагаа тайланд дурджээ.

Энэ оны эхээр Пентагоны тэргүүн Жим Мэттис “Терроризм биш, их гүрнүүдийн өрсөлдөөн нь одоо АНУ-ын үндэсний аюулгүй байдлын гол анхааарлын цэг болно” гэж хэлж байжээ.

 

Эх сурвалж: Business Insider