“Соулын хатан хаан” гэж алдаршсан нэрт дуучин эмэгтэй Арета Фрэнклин өчигдөр Детройт дахь гэртээ таалал төгслөө. Энэ жил 76 нас хүрээд байсан тэр нойр булчирхайн хорт хавдартай болсноо 2010 онд зарлаж, өнгөрсөн онд урлагийн тайзнаас бууж байв.
Фрэнклин 18 удаа Грэммийн шагнал хүртэж, дуунууд нь 17 удаа АНУ-ын хөгжмийн Топ 10-ын жагсаалтад багтаж байжээ. 1987 онд тэр Рок-н-Роллын алдрын танхимд заларсан анхны эмэгтэй дуучин болсон юм.
Тэрээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хамгийн сүүлд Нью Йорк хотноо Элтон Жоны ДОХ-той тэмцэх сангийн гала тоглолтод оролцсон байна.
1942 оны гуравдугаар сарын 25-нд Теннесийн Мемфист баптист санваартны гэрт мэндэлсэн Фрэнклин багаасаа сүмд дуулж эхэлсэн.
Улмаар 1966 онд Атлантик Рекордсын алдарт продюсер Жерри Векслертэй хамтран ажилласнаар од болох гараагаа эхэлсэн юм. Түүний анхны хит уран бүтээл “Respect” 1967 онд хит парадын нэгдүгээрт бичигдэж, тухайн үедээ иргэний эрхийн төлөө тэмцэгчдийн сүлд дуу болсон байна.
Хатагтай Фрэнклин нь Мэрай Кэри, Уитни Хьюстон, Алишиа Кис, Бэйонсе, Мэри Жэй Ближ, Эми Уайнхаус зэрэг хоёр үеийн поп дива нарын үлгэр дууриал болсон хүн юм.
Нэрт дуучны араас эмгэнэн гашуудаж байгаагаа дэлхийн хөгжмийн одууд, улс төрчид илэрхийлсээр байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, түүний охин Иванка, ерөнхийлөгч асан Барак Обама, Билл Клинтон нар тэдний дотор байгаа юм.
Эх сурвалж: BBC