Өмнөд Солонгосын нөлөө бүхий Буддын шашны байгууллагын гүйцэтгэх тэргүүнийг албан тушаалаас нь огцруулах шийдвэр өнөөдөр гарчээ.
Жоги нэртэй уг байгууллагын тэргүүн Сёлжон ламтанд итгэл үзүүлэх эсэхийг шийдэх санал хураалт явуулахад удирдах хорооны гишүүд 56:14 харьцаагаар огцруулах шийдвэр гаргасан байна.
Жоги нь Өмнөд Солонгос даяар 3,000 гаруй сүм хийдтэй, 13,000 ламтай, 7 сая орчим мөргөлчтэй байгууллага бөгөөд анх 12 дугаар зуунд байгуулагдаж байсан гэгддэг.
Өнгөрсөн тавдугаар сард Сёлжон ламын намтар дахь Сөүлийн Үндэсний Их сургуулийг төгссөн гэх мэдээлэл худал болох, сахил санваараа мартаж нууц хүүхдийн эцэг болж байсан, авилгаар олон тооны үл хөдлөх хөрөнгөтэй болсон зэрэг баримтуудыг телевизийн нэгэн суваг ил гаргаж байв.
Үүний дараа олон лам хувраг, иргэний байгууллагууд Сёлжоныг огцрохыг шаардаж, нэгэн лам 41 хоног өлсгөлөн зарласны дараа эмнэлэгт хүргэгдэж байжээ.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард Жоги байгууллагын тэргүүний суудалд заларсан 76 настай Сёлжон дээрх бүх мэдээллийг няцааж байсан юм.
Тэр өөрийнх нь шинэчлэлийг эсэргүүцсэн хуучинсаг бүлгийнхэн ийм гүтгэлэг зохион байгуулсан гэж мэдэгдэж байжээ.
Түүний өмнөх тэргүүн Жасюн ламтан мөн авлига, мөрийтэй тоглоом, сахил санваараа умартсан зэрэг дуулианд орооцолдож байв. 1994 онд тус байгууллагын төв байрладаг Сөүлийн Жойгеса сүмд өрсөлдөгч бүлгүүдийн хооронд мөргөлдөөн гарч, цагдаа нар зохицуулж байжээ.
Сёлжоныг огцруулах шийдвэрийг ирэх долоо хоногт болох 24 гишүүнтэй ахмадын зөвлөл эцэслэн шийдэх юм байна.
2014 оны судалгаагаар Өмнөд Солонгосын иргэдийн 22 хувь өөрийгөө Буддист гэж тодорхойлсон бол дараа нь 21 хувь нь Загалмайтан, 7 хувь Католик гэж мэдүүлж байжээ.
Эх сурвалж: AFP