Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Боливийн ерөнхийлөгч өөртөө шинэ ордон босгуулж, иргэдийн эсэргүүцэлтэй тулгарав

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Америкийн Болив улсын нийслэл Ла Паз хотын төвд саяхан ерөнхийлөгчийн шинэ ордон нээгдсэн нь нүднээс нуух аргагүй байгууламж болжээ.

29 давхар, шилэн нүүртэй цамхаг Ла Пазын төвийн навтгар хуучны барилгуудын дундаас онцгойрон харагдаж байгаа юм. Ерөнхийлөгч Эво Моралесын хувьд энэ нь колоничлолын өнгөрсөн үеэс тасран хөгжиж байгаа Болив орныг билэгдэж байгаа гэнэ.

Харин энгийн иргэдийн хувьд энэ нь хэт тансаглалд тооцогдож байна.

Учир нь "Ард түмний Их өргөө" (Casa Grande del Pueblo) гэж нэрлэж байгаа уг барилгад Моралесын 1,068 метр квадрат талбайтай амьдрах ордон багтаж байгааг иргэд саяхан мэдсэн юм. Дотоодын хэвлэлүүдийн олж авсан зураг төсвөөр бол Моралесын өргөө жакузи, саун, фитнес, масажны өрөөтэй байгаа гэнэ. Мөн зөвхөн ерөнхийлөгчид үйлчлэх хувийн лифт, нисдэг тэрэгний буудал багтжээ.

Иргэдийн эсэргүүцлийн хариуд засгийн газрын сайд Жизела Лопез уг барилгыг ард түмэнд зориулсан ордон гэж мэдэгдээд $34 саяын төсөвтэй гэдэг мэдээллийг няцаасан байна.

12 жил Боливийг удирдаж байгаа Эво Моралес 2019 онд дөрөв дэхь удаагаа сонгуульд нэр дэвших гэж байгаа. Тиймээс түүнийг энэхүү ордонтойгоо хамт өөрийгөө мөнхлөхөөр шийдсэн гэж иргэд бухимдаж байгаа юм.

Өнгөрсөн Пүрэв гарагт Моралес ордныг нээх ёслолд оролцсон байна. Энэ үеэр гудамжинд эсэргүүцлийн жагсаал зэрэгцэн өрнөж байв.

Тэрээр шинэ барилгыг колонийн үеийн хуучин барилгатай зориуд зэрэгцүүлснээ Боливийн хөгжил дэвшлийн билэгдэл гэж энэ үеэр тайлбарласан байна.

 
Эво Моралес

120 метр өндөр барилгад ерөнхийлөгчийн ордноос гадна таван яамыг багтаах гэнэ. Тэдгээр яамд нь жил бүр $20 сая орчмыг байрны түрээсэнд төлдөг байсан тул шинэ барилгад оруулснаар ихээхэн зардал хэмнэнэ гэж Моралес бас тайлбарласан юм.

Иргэдийг бухимдуулж байгаа өөр нэг асуудал нь Моралес парламент дахь өөрийн намын олонхын хүчээр нийслэл хотын төвд өндөр барилга бариулахыг хориглодог хуулийг зөрчсөн байна.

Боливийн улс төрийн шинжээч Карлос Торанзо “Энэ бол улс орныг доромжилсон хэрэг. Моралес энэхүү байшинтай хамт өөрийгөө мөнхлөхийг хүсэж байна. Бид Боливид өвдөх ч эрхгүй байхад ийм барилга босгох нь ёс зүйгүй хэрэг” гэж ярьжээ. Тэр нийслэл хотод эмнэлэгийн байр хүрэлцэхгүй байгааг ингэж хэлсэн байна.

Сөрөг хүчний лидер Самуэл Дориа шинэ барилгыг хорт хавдрыг эмчлэх эмнэлэг болгохыг уриалсан юм. Тэрээр сүүлийн 10 жил эдийн засаг нь эрчимтэй өсөж байгаа ч Өмнөд Америкийн хамгийн ядуу улс хэвээр байгаа Боливид эмнэлэг байгуулах яаралтай хэрэгцээ байгааг сануулж байна.

 

Эх сурвалж: The Guardian