Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Үнэнбат: Долларын гүйлгээг чөлөөтэй хийх талаас нь ОУ-ын банкуудтай хамтран ажиллах санал тавиад байгаа

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Английн Standard Chartered Bank Plc, тус банкны Нью-Йорк салбар дахь Монголын арилжааны банкуудын ам.долларын дансыг хаах шийдвэрийг өнгөрсөн зургаадугаар сард гаргажээ. Түүнчлэн БНХАУ-ын China Construction Bank Corporation мөн ийм шийдвэр гаргасан байна. Ингэснээр манай дотоодод үйл ажиллагаа явуулдаг арилжааны бүх банк ам.долларын гүйлгээг богино хугацаанд хийх боломжгүй болжээ. 

Энэ талаар Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Ж.Үнэнбатаас тодруулахад “Ам.долларын гүйлгээ хийх нь хийж байгаа. Энэ бол ганцхан манай улсад тохиолдож байгаа асуудал биш. Хөгжлийн түвшинээрээ манайхтай ойролцоо, жижиг эдийн засагтай орнуудад комплаенсын зардал өндөр гэдэг шалтгаанаар олон улсын банкууд харилцан ажиллах хүрээгээ хязгаарлаж байгаа. Тийм учраас долларын гүйлгээ хийхэд тодорхой бэрхшээлтэй, зардал нэмэгдэх хандлага бий. Гэхдээ бид харилцагчдын долларын гүйлгээг чөлөөтэй, чирэгдэлгүй байх талаас нь олон улсын байгууллагууд болон банкуудтай хамтран ажиллах санал тавиад ажиллаж байна. Тодорхой үр дүн гарсны дараа хэвийн боллоо гэж хэлэхээр байна” гэлээ.

Өөрөөр хэлбэл, манай улс олон улсын чиг хандлагыг дагаж, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой тодорхой алхмуудыг хийж, энэ үе шатыг өнгөрөөх шаардлагатай байгааг тэрбээр нэмж хэлсэн юм. Үүний тулд зөвхөн банкны систем биш, хууль тогтоогчид, төр засаг, хууль хяналтын байгууллагын харилцан хамтын ажиллагаа хэрэгтэй болохыг Ж.Үнэнбат онцлоод "Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангахын тулд шинэ шатны арга хэмжээнүүдийг авах хүлээлт үүсгэж байна" гэж харж байгаагаа ярилаа. 

 

Манай улс FATF буюу Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Олон Улсын санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллагын 40 зөвлөмжид нийцүүлэн хууль, эрх зүйн орчноо богино хугацаанд өөрчилж, 2018 оны аравдугаар сард эргэн тайлагнах үүрэг хүлээгээд буй. Одоогоор 40 зөвлөмжөөс тавыг нь л Монгол Улс хангасан байгаа. Харин FATF зөвлөмжийг 100 хувь хангах ганц л шаардлага тавьдаг хатуу байгууллага ажээ. 

Ямар ч байсан өнгөрсөн долоодугаар сарын 21-27-нд Балбын Катманду хотод болж өнгөрсөн FATF-ын Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан бүлэг буюу APG-ийн жилийн уулзалтаар Монгол Улсыг Олон Улсын санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллагын “Саарал жагсаалт”-д оруулах, эсэхийг шийдвэрлэх хугацааг 12 сараар сунгаад буй. Энэхүү "СААРАЛ ЖАГСААЛТ"-ын хор хөнөөлийн талаар бид өмнө нь нийтэлж байсан.

Монгол Улсын зах зээл нь мөнгө угаах эрсдэл өндөртэйд тооцогддог. Тийм ч учраас 2014 онд АНУ-ын Citibank болон Хонгконгийн HSBC, 2017 онд Германы Deutche Bank манай арилжааны банкуудын дансыг хааж, Монголын зах зээлд төлбөр тооцооны үйл ажиллагаа явуулахаа зогсоосон байдаг. Үүнтэй холбоотойгоор хоёр том банкнаас бусад банк ам.долларын гүйлгээ хийхээ болиод байсан билээ.

Харин Монгол Улсын ам.долларын гүйлгээний 80 хувийг дамжуулан хийж байсан Английн Standard Chartered Bank Plc, тус банкны Нью-Йорк дахь салбар, мөн China Construction Bank Corporation ийнхүү Монголын арилжааны банкуудын дансыг хааснаар манай улс долларын гүйлгээг богино хугацаанд шуурхай хийх боломжгүй болсны дээр шимтгэл нэмэгдэх эрсдэл үүсээд байгаа юм.