Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин Хойд Солонгосын удирдагчтай ойрын үед уулзах хүсэлтэйгээ мэдэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр тохиосон Солонгосын хойг Японы колоничлолоос чөлөөлөгдсөний 73 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд баярын цахилгаан илгээжээ.

Уг захидалдаа Ким Жон Унтай ойрын хугацаанд уулзаж, яаралтай шийдэх асуудлуудыг хэлэлцэх хүсэлтэй байгаагаа Путин илэрхийлсэн тухай Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлаг дамжуулсан байна.

Тэр захидалдаа “Би ойрын үед тантай уулзаж, хамтын ажиллагааны яаралтай шийдэх асуудлууд, бүс нутгийн чухал асуудлуудыг хэлэлцэх хүсэлтэй байна” гэж бичсэн байсныг уг мэдээнд дурджээ.

Путин бас хоёр орны хамтын ажиллагааг гурван талын (Өмнөд Солонгосыг оролцуулсан) оролцоотой төслүүдийн хүрээнд хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийлсэн гэнэ.

Өчигдөр бас Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ерөнхийлөгч нь Хойд Солонгосын удирдагчид баярын цахилгаан илгээснийг сэтгүүлчидтэй уулзах үеэр баталсан байна.

Өнгөрсөн зургаадугаар сард Владимир Путин ирэх сард Владивостокт болох Алс Дорнодын Эдийн Засгийн Чуулганд оролцуулахаар Ким Жон Ун, Мүүн Жэ Ин нарыг урьсан юм.

Уг урилгад Хойд Солонгосын удирдагч ямар хариу өгсөн нь тодорхойгүй байна. Японы колоничлолоос чөлөөлөгдсөний ойг энэ жил Хойд Солонгост даруухан тэмдэглэж өнгөрүүллээ.

Өчигдөр хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудаас ахмад дайчид Пёньянд зочилж, нийслэл хотынх нь төв стадионд хоёр Солонгосын өсвөрийн хөлбөмбөгчдийн нөхөрсөг тоглолтыг зохион байгуулжээ.

Мөн удирдагчдынхаа хөшөө дурсгалуудад хүндэтгэл үзүүлэх иргэдийн уламжлалт арга хэмжээнүүд болж өнгөрсөн байна.

 

Эх сурвалж: Independent