Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын хамгийн том лам садар самууны хэргээр албан тушаалаасаа огцорлоо

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Хятадын хамгийн том лам нарын нэг гэгддэг эрхэм өчигдөр буюу Лхагва гарагт Хятадын Буддистуудын Холбооны ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорсон байна.

Ши Шуэчень нэртэй энэ ламтны бэлгийн дарамтын хэргийг тус улсын Шашны Хэрэг Эрхлэх Үндэсний Газар одоо шалгаж байгаа юм.

Түүний эмэгтэй шавь нар болох Лю Шижя, Дү Чишинь нар багшийнхаа эсрэг 95 хуудас гомдол гаргасан нь энэ сарын эхээр Хятадын сошиал сүлжээнд тарж томоохон дуулиан дэгдээж байв. Гомдолд хоёр шавиас нь гадна өөр дөрвөн гэлэнмаа Шуэчень ламтны  бэлгийн дарамт шахалтад өртөж байсан тухай бичжээ.

Багш ламтан тэдэн рүү өдөөн хатгасан агуулгатай мессэж бичиж, бурхны номонд энгэр зөрүүлэхийг зөвшөөрдөг, ингэвэл ариусдаг тухай хэлж ятгаж байсан гэдэг.

WeChat, Weibo сүлжээнд уг баримт тарсны дараа Хятадын засгийн газар даруй мэдээллийг устгаж, хориглож эхэлжээ. Өчигдөр болсон Буддистуудын Холбооны зөвлөлийн хурлаас ерөнхийлөгчөө огцруулах шийдвэр гаргахдаа ямар нэг шалтгаан дурдаагүй байна.

Ши Шуэчень ламтан бол Хятадын хамгийн алдартай Буддын сүм хийдүүдийн нэг болох Бээжингийн Лончуань хийдийн хамба, Хятадын Буддистуудын Холбооны ерөнхийлөгч, Хятадын төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн хүн юм.

Тэр Weibo сүлжээнд сая гаруй дагагчтай. Шуэчень ламын хэрэг нь дэлхий дахинд өрнөсөн эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн дарамттай тэмцэх #MeToo хөдөлгөөний нэг хэсэг болж байна.

Энэ оны эхнээс Хятадад #MeToo хөдөлгөөн идэвхжиж эмэгтэй оюутнууд багш профессоруудынхаа бэлгийн дарамтын түүх баримтуудыг дэлгэж эхэлсэн юм.

Хэдийгээр ийм агуулгатай мэдээллийг Хятадын засгийн газар цензурт оруулж байгаа ч иргэд зурган түүх, дүрст тэмдэглэгээ ашиглан тараасаар байгаа ажээ.

 

Эх сурвалж: Time.Com