Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийн 49.2 хувийг ажлаас халагдсан хүмүүс эзэлж байна

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай улсад ажил хөдөлмөр эрхлэх боломжтой, эдийн засгийн идэвхтэй, 15-аас дээш насны 1.4 сая иргэн байна. Энэ тоог Статистикийн үндэсний хороо өчигдөр танилцуулсан. Харамсалтай нь тэднээс 7.4 хувь буюу 104,100 хүн ажилгүй байна. Ихэнх нь буюу 59.8 хувь нь эрэгтэйчүүд. Гэхдээ энэ нь өнгөрсөн оны мөн үеийг бодвол 21 хувиар цөөрсөн тоо аж. 2017 оны хоёрдугаар улиралд ажилгүйдлийн түвшин 9.6 хувьтай байсан бол энэ удаа 7.5 хувь болж бууржээ. Уул уурхай, хөдөө аж ахуй, барилгын салбарын ажил дулааны цагт эрчимждэгтэй холбоотойгоор ажлын байр нэмэгдээд буйг ҮСХ-ны ахлах статистикч С.Норов тайлбарласан. Үүний үр дүнд ажил хөдөлмөр эрхлэгчдийн тоо өссөн бөгөөд өрхийн дундаж мөнгөн орлого 1.1 саяд хүрч нэмэгдээд буй. 

Энэ бүхний нөлөөгөөр улс оронд бий болсон үйлдвэрлэл, үйлчилгээний үр ашгийн үзүүлэлт сайжирч, нэг ажиллагчид ногдох ДНБ (2010 оны зэрэгцүүлэх үнээр) 2018 оны II улиралд урьдчилсан гүйцэтгэлээр 3.6 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.7 хувиар өсжээ. 

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 2.1 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд

Ажил хийх эрмэлзэлтэй буюу хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайн бүртгүүлсэн иргэдийн тоо өнгөрсөн сарын эцсийн байдлаар 32,600 мянга болжээ.

График 1.

 

Энэ хүмүүсийн 30.9 хувь нь хэдийгээр ажил эрхэлж байгаа ч өөр ажил хайж байгаа хүмүүс юм байна. Харин үлдсэн 22,500 нь бүртгэлтэй ажилгүй иргэд гэсэн үг. Энэ нь бас л өмнөх оны мөн үеэс 16.9 хувиар буурсан үзүүлэлт ажээ. Тэдний дийлэнх нь буюу 58 хувь нь 15-34 насны залуучууд. Харин боловсролын түвшнийг авч үзвэл нийт ажилгүй иргэдийн 29.4 хувь нь дээд боловсролтой, дипломтой иргэд ажээ. 

График 2.

 

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 476 буюу 2.1 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагийн 47.7 хувь нь эмэгтэйчүүд байна.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад өнгөрсөн долоон сарын хугацаанд 48,300 шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 11,500 хүн ажилд зуучлагдан орсон бол 39,700 иргэн идэвхтэй ажил хайхаа больсон шалтгаанаар бүртгэлээс хасагджээ. Харин шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийн хамгийн их буюу 49.2 хувийг ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд эзэлжээ.

Тэгвэл эдийн засгийн идэвхгүй хүн ам нийт иргэдийн 39 хувьтай тэнцэж байна. Өөрөөр хэлбэл, 880,700 хүн ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй гэсэн үг. Тодруулбал, 

  • Тэтгэврийнхэн болон өндөр настан - 274,600 (31.2%)  
  • Суралцагчид - 268,100 (30.4%)  
  • Хүүхэд асарсан - 117,000 (13.3%)  
  • Хөгжлийн бэрхшээлтэй - 69,500 (7.9%) 
  • Гэрийн ажилтай - 66,000 (7.5%) 
  • Өвчтэй - 21,400 (2.4%) 
  • Бусад шалтгаантай -  64,100 (7.3%) хүн байна. 

Ажиллах хүчний оролцооны түвшин 2018 оны II улиралд улсын хэмжээнд 61 хувь, Улаанбаатар хотод 55.1 хувь, хөдөө орон нутагт 73.6 хувь байна. Энэ нь өмнөх улирлаас өссөн ч өмнөх оны мөн үеэс бага зэрэг буурсан үзүүлэлт ажээ.