Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Германд хүүхэд усанд живж осолдох нь эцэг эхийн гар утасны донтолттой холбоотойг тогтоожээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Агаарын хэт халалтын улмаас энэ зун Германы иргэд усан сан, гол мөрөн, далайн эрэг бараадах нь нэмэгджээ.

Үүнтэй холбоотойгоор усанд живсэн хүмүүсийн тоо нэмэгдэж, он гарсаар 300 гаруй хүн амиа алдсан байна. Тиймээс Германы Аврагчдын Холбоо иргэдэд хандсан анхааруулга гаргахад хүрчээ.

Тус холбоо Герман даяар 40,000 усны аврагч ажиллуулдаг, энэ салбартаа дэлхийд хамгийн томд ордог байгууллага юм.

Холбооны мэдэгдэлд өгүүлснээр хүүхэд усанд живсэн осол эндэгдлийн гол буруутан нь гар утсанд донтсон эцэг эх, өвөө эмээ нар байгааг анхааруулжээ.

 “Хүүхэд, үр ач нар тань усанд байгаа тохиолдолд гар утаснаасаа холд гэсэн манай зөвлөгөөг маш цөөхөн эцэг эх, өвөө эмээ нар дагаж байгаа нь харамсалтай” гэж тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Ахим Виесе хэвлэлд ярьсан байна.

Германы усан сангуудын холбооны төлөөлөгч Питер Харцхэйм “Өнөөдөр хүмүүс усан санг хүүхдийн цэцэрлэг мэт ойлгож, анхаарлаа огт хандуулахаа больсныг бид өдөр бүр харж байна” хэмээн ярьжээ.

Тэр бас “Өмнө нь усан санд орохдоо эцэг эхчүүд хүүхэдтэйгээ илүү их цаг өнгөрөөдөг байсан. Харин сүүлийн үед гар утаснаасаа салж чадахгүйгээс болж хүүхдээ харахгүй, анхаарахгүй орхих явдал нэмэгдэж байна” гэж хэлсэн байна.

Мөн эдгээр мэргэжлийн хүмүүс усны осол нэмэгдэж байгааг сургуулиудад усанд сэлэлтийн хичээл заахаа больсон, усан сангуудын зардлыг танаснаас ажиллах цаг нь багассан зэрэгтэй холбон шүүмжилжээ.

Зөвхөн өнгөрсөн долоо хоногт усанд живсэн осол эндэгдлийн тухай хэд хэдэн мэдээ хэвлэлүүдээр хөвөрч байсны дотор Баварийн Марктредвиц хотын усан санд 7 настай хүү живсэн тухай мэдээ байсан юм. Бас Мюнстерт насанд хүрсэн эрэгтэй сэрүүцэх зорилгоор цөөрмийн ус руу үсрээд живсэн байна.

Үүний дараа Германы Усан Сэлэлтийн Холбоо тус улсын засгийн газар иргэдэд усанд сэлэх ур чадвар олгохыг дэмжихгүй байгаагаас Герман улс усанд сэлжк чаддаггүй хүмүүсийн эх орон болж байгааг анхааруулсан байна.

 

Эх сурвалж: The Guardian