Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад-Тайваний сөргөлдөөнд хэлмэгдсэн кафены сүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Тайваний ерөнхийлөгч Цай Ин Вэн Латин Америкийн Парагвай, Белиз улсуудад айлчлах замдаа АНУ-ын Лос Анжелес хотод түр саатсан нь Бээжингийн эрх баригчдыг бухимдуулж байгаа.

Тэгвэл Тайваний тэргүүн Ням гарагт Лос Анжелес дахь Тайваний нарийн боовны кафенд зочилж, энэ үеэр кафены ажилчид Цай Ин Вэнд бэлэг өгсөн нь эх газрын Хятадуудын уур хилэнг бадраажээ. Ерөнхийлөгчийн кафенаас бэлэг авч байгаа гэрэл зураг сошиал ертөнцөд тарсан байна.

Улмаар Хятадын сошиал сүлжээнд Тайваний “85C Bakery Cafe” нэртэй уг сүлжээгээр үйлчлүүлэхгүй байх уриалга гарч эхэлсэн юм.

Тус кафе нь эх газрын Хятадад нийтдээ 600 гаруй салбартай юм байна. Тиймээс дээрх уриалга тус кафены бизнест хохирол учруулахаар байгаа юм.

Болсон явдалтай холбогдуулан “85C Bakery Cafe”-ны захиргаа өчигдөр вэб сайтдаа мэдэгдэл гаргахдаа “Манай компани 1992 оны зөвшилцлийг тууштай дэмжиж байгаа, үүнээс хэзээ ч ухарч байгаагүй” хэмээн мэдэгджээ. Хэдийгээр Бээжин, Тайпэйн удирдагчид өөр өөрийнхөө өнцгөөс тайлбарладаг ч 1992 оны зөвшилцөл нь дэлхий дээр нэг Хятад улс байгаа, үүнд Тайвань багтаж байгааг талууд харилцан зөвшөөрсөн тухай баримт юм.

Гэхдээ тусгаар тогтнолыг дэмжигч Цай Ин Вэн 2016 онд Тайваний ерөнхийлөгч болсноосоо хойш энэхүү зөвшилцлийг хүлээн зөвшөөрөхгүйгээ удаа дараа мэдэгдээд байна.

Өчигдөр бас Тайваний ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Алекс Хуан хувийн компанийн үйл ажиллагаанд үзэл суртлын дарамт шахалт үзүүлэх нь зохисгүй хэрэг гэдгийг хэвлэлд ярьж, кафены сүлжээг өмөөрсөн байна.

 

Эх сурвалж: South China Morning Post