Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын зарим бараанд Турк улс импортын татвар оноосны дараа лирийн ханш 7 хувиар өслөө

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Ам.долларын эсрэг ханш нь чөлөөт уналтыг үзүүлж байсан Туркийн үндэсний валют лир өнөөдөр өглөө анх удаа сэргэсэн байна.

Үүнээс хэдхэн цагийн өмнө Анкарагийн эрх баригчид Вашингтоны эдийн засгийн хоригийн эсрэг хариу арга хэмжээ авч, АНУ-ын зарим бараанд импортын өндөр татвар оноох шийдвэрээ зарласан юм.

Өглөөний арилжаа эхлэх үед лирийн ханш хэсэг хугацаанд огцом нэмэгдэж, нэг ам.доллар нь 6-гаас бага лиртэй тэнцэж байснаа дараа нь буцаж яльгүй буурсан байна.

Сүүлд нэг ам.доллар 6.08 лирийн ханштай болж тогтворжжээ. Гэхдээ энэ түвшин нь өнгөрсөн долоо хоногийн мөн үеэс 14 хувиар бага хэвээр байна.

Өчигдөр Туркийн засгийн газар АНУ-ын автомашин, тамхи, согтууруулах ундаа, нүүрс, цагаан будаа, косметикийн бараа бүтээгдэхүүнд импортын өндөр татвар оноосон юм.

Тухайлбал Америк автомашин 120 хувийн, согтууруулах ундаа 140 хувийн, тамхи 60 хувийн импортын татвар төлөхөөр болжээ.

“Манай эдийн засгийг унагах зорилготой АНУ-ын засаг захиргааны халдлагын эсрэг хариу арга хэмжээ болгож зарим бараанд нь оноосон импортын татварыг нэмэгдүүллээ” хэмээн Туркийн дэд ерөнхийлөгч Фуат Октай мэдэгдсэн байна.

АНУ-ын иргэн, шашны номлогч Эндрью Брансоныг баривчилсан явдлыг эсэргүүцэн шийтгэж, Дональд Трамп өнгөрсөн Баасан гарагт Туркийн ган, хөнгөнцагааны импортын татварыг хоёр дахин нэмэгдүүлсэн юм.

Тэгвэл Туркийн тал үүний хариу арга хэмжээг авснаар НАТО-гийн холбоотон хоёр орны хоорондын зөрчил улам гүнзгийрч байна.

 

Эх сурвалж: Business Insider