Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

“Цахиурын хөндий”-н тэргүүн туршлага ба үнэ цэнэтэй ажилтнаа авч үлдэх “Ажлын дүрэм”

ikon.mn
2018 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Зах зээлийн эдийн засагт шилжиж, хувийн хэвшил манай улсад бий болсон тэр цагаас л компанийн захирлуудад хүний нөөц гэгч толгойны өвчин болж эхэлсэн. Тэд сайн ажилтнаа бусдад алдахгүй байхын төлөө хичээдэг ч энэ нь санаан зоргоор шийдчихдэг хялбар асуудал байсангүй. Сайн ажилтнаа торгоох хөшүүрэг нь зөвхөн өндөр цалин, албан тушаал, орон сууц, авто машин биш ажээ. Дийлэнх удирдлагууд үнэхээр сайн ажилтнаа эдгээрээр “чөдөрлөх” гэж үздэг. Гэвч үр дүн нь тэдний талд 100 хувь гарсангүй. 
 
Монголын ТОП гэгдэх компанийн захирлуудын ярьдаг нийтлэг сэдэв хүний нөөц болж хувирсан байна. Тэд уулзах бүртээ энэ тухай хөндөж, сайн ажилтнаа бусдад алдахгүй байхын төлөө дор бүрнээ эрмэлзэж, хичээдэг болж. Мөн тааруухан ажилтнаа хэрхэн бүтээмж өндөртэй, шинийг санаачлагч болгох талаар байгууллагадаа сургалт авах нь түгээмэл байна.
 
Компанийн цөм, мэдлэгийн төв, үнэт зүйл нь хүн. Тиймээс капитал болсон хүндээ чиглэсэн бодлого улам нарийн ухаан, шинэлэг арга барил шаардаж буй. Энэ утгаараа компани, байгууллагууд хүний нөөцийн баг, түүний явуулж буй үйл ажиллагаанд ихээхэн анхаарч эхэлсэн. Тааруухан хүний нөөцийн удирдлага, багаас болоод уналтад орж байгаа компани, аж ахуйн нэгж бас цөөнгүй. Хүн дээр л хамаг ажил, гүйцэтгэл оршин тогтнох тул захирлуудын хувьд энэ асуудал бэрхшээл дагуулах бөгөөд анхаарал хандуулахаас өөр аргагүй билээ. Ажилтнаа удирдан залах, тэднийг хэзээд шинэ соргог, урам зоригтой ажиллах сэдлээр хангаж байж л компани, байгууллага амжилтад хүрдэг. Ийм ололт, амжилтыг өөрсдийн жишээгээр дэлхий дахинд тод харуулсан компани бол бидний мэдэх, өдөр тутам бүтээгдэхүүн, үйлчилгээг нь ашиглаж, хэрэглэдэг GOOGLE.
 
Тэдний дотоод туршлага буюу бизнесийн хэлээр бол “нууц”-ыг олон хүнд ил болгосон, үүнээс суралцах завшааныг тус компанийн Хүний үйл ажиллагаа хариуцсан захирал асан Ласло Бок олгосон билээ. Түүнийг GOOGLE компанид ажиллаж байх хугацаанд тус компани 100 гаруй удаа шилдэг ажил олгогчоор шалгарч байсан түүхтэй. Тэрчлэн АНУ болон дэлхийн 16 улсын “Ажиллахад хамгийн тохиромжтой компани”-аар тодорч байсныг энд дурдах нь зөв байх. Дэлхий дахинд хэрэглэгчтэй тус компанийн хүний нөөцийн салбарт нэвтрүүлсэн шинэлэг аргачлалууд АНУ-ын “Цахиурын хөндий”-н компаниудад боломж нээсэн гэж үздэг.
 
“Цахиурын хөндий”-н тэргүүн туршлагыг бидэнд дэлгэж буй “Ажлын дүрэм” ном цар хүрээгээ улам тэлж байгаа болон шинээр өсөн дэвжиж байгаа компаниудад нэн хэрэгтэй ном гэдгийг “Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг онцолсон байдаг. Түүний тэргүүлж байгаа “Ард” санхүүгийн нэгдэл гэхэд маш олон залуучуудад боломж нээж, тэднийг санхүү, хөрөнгийн зах зээлд ажиллах дөртэй, туршлагатай болгоод зогсохгүй ажилтнаа дэмжиж, урамшуулдаг, илүү цаг тооцдог, уян хатан ханддаг гэсэн эерэг тодотголтой.
 

Байгууллагын соёл, хамт олны уур амьсгал, ажилчдын цагийн бүтээмж, цаг ашиглалт нь хүний нөөцийн бодлого, хандлагаас улам их хамааралтай болж байна. Удирдлагын хандлага тухайн баг хамт олны сэтгэл зүй, ажлаа хийх урам зориг, итгэл үнэмшилд хэр их нөлөөтэй болохыг “Ажлын дүрэм”-ээс дэлгэрүүлж уншаарай. 

Шинэ захирлууд, туршлага багатай хүний нөөцүүдэд уг ном жинтэй зөвлөмж, зөвлөгөө өгч чадахаар аж. “Удирдлагын цөм болох эрх мэдлийн харьцаа эрх чөлөөнд саад тээг болдог” тухай дээрх номонд өгүүлжээ. Ажил, үүргээ сайтар ухамсарлаж чадаагүй дарга нар олшрохын хэрээр тухайн компанийн үйл ажиллагаа урагшлах бус ухрах, сайн ажилтнаа “алдаж” эхлэх, эсвэл бүтээмж унах тохиолдол түгээмэл гардаг. Тиймээс эрх мэдлийн харьцааг нарийн зохицуулах учиртайг “Ажлын дүрэм” онцолжээ. 

Тухайлбал, GOOGLE-ийн хувьд хүний нөөцийн багийн гол арга барил нь сэтгэл зүйн болоод ажил үүргийн энэхүү ээдрээт зангилааг тайлахад оршино. Монголд зөвхөн ганц хүний үзэл бодол, хандлага, сэтгэл зүй тухайн байгууллага, компанийн уур амьсгалыг эвдэж, үнэ цэнэтэй ажилтан “дүрвэх” байдлыг үүсгэх нь түгээмэл ажиглагддаг. Тэгвэл GOOGLE үүнээс сэргийлэх зорилгоор дараах шийдвэрүүдийг бие даан гаргах эрхийг хязгаарлажээ. Үүнд, хэнийг ажилд авах, хэнийг халах, ажилтны гүйцэтгэлийг үнэлэх, ажилтанд цалин, урамшууллын нэмэгдэл хэр хэмжээтэй олгох, хэнийг шагналд тодорхойлох, хэнийг албан тушаалд дэвшүүлэх зэрэг асуудлыг дан ганц менежер шийдэх эрхгүй. 

Ийм байдлаас болж маш олон компани хүнд нөхцөлд орж байжээ. GOOGLE компанид дээрх шийдвэр бүр нь нэг баг хамт олон, хороо эсвэл хараат бус багийн тусламжтайгаар гардаг байна.

Зөвхөн захиралдаа таалагдах гэж бус, өөрийн баг, хамт олондоо үнэлэгдэх хэмжээнд менежер төвлөрч, улмаар ажлын бүтээмж нэмэгддэг. Үүнийг ухаарч ойлгоогүй нөхцөлд “Ажлын дүрэм”-ээр бол шударга бус байдал газар авч, ажилчдын байгууллагадаа итгэх итгэл сулардаг байна. GOOGLE-ийн хувьд менежер гол хүн. Хэдий тийм боловч тэд “багтаа үйлчлэх” учиртай хүмүүс. Тус компанийн тогтсон нэг удирдлагын арга бол менежер хүн шийтгэл урамшуулал дээр бус харин саад бэрхшээлийг хэрхэн даван гарах болон өөрийн баг, хамт олондоо урам зориг өгөхөд төвлөрөх ёстой аж. Тэгвэл Монголд багтаа бус баг, хамт олноо өөртөө, өөрийнхөө төлөө үйлчлүүлэх сонирхолтой CEO нар буюу гүйцэтгэх удирдлага цөөнгүй болж эхэлсэн. Энэ нь тэдний уруудан доройтох, бизнес нь доголдоход хүргэж байгааг үгүйсгэхгүй.

 
Б.Мөнх-Эрдэнэ