Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Японы эзэн хаан “гүн эмгэнэл” илэрхийлж, Шинзо Абэ дахин дайн хийхгүйгээ амлалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Япон улс дэлхийн хоёрдугаар дайнд бууж өгснийхөө 73 жилийн ойг тэмдэглэж байна.

Жил бүрийн энэ өдөр зохион байгуулдаг арга хэмжээнд Японы эзэн хаан Акихито, ерөнхий сайд Шинзо Абэ нар оролцжээ. Эзэн хаан дайны улмаас учирсан хор хөнөөлийн төлөө “гүн эмгэнэл” илэрхийлсэн бол Абэ дайны аюулыг дахин давтахгүй гэж амласан байна.

Өнөөдөр өглөө Японы хэсэг улс төрчид дайнд хохирогсдын бунхан байрладаг Ясүкүни сүмд зочилж, мөргөл үйлдсэн юм. Абэ уг арга хэмжээнд биечлэн оролцоогүй ч хувиасаа өргөх тахилыг намынхаа төлөөлөгчөөр дамжуулж илгээсэн байна.

Тэр 2012 онд ерөнхий сайд болсноосоо хойш нэг удаа 2013 онд Ясүкүни сүмд зочилсон нь тухайн үедээ Хятад, Өмнөд Солонгосын талуудын эсэргүүцэлтэй тулгарч байв.

Уг бунханд дайны гэмт хэрэгтэн 14 хүний шарил байдаг нь эдгээр улсуудын эсэргүүцэх гол шалтгаан болдог.

Ирэх онд хаан ширээнээсээ өөрийн хүсэлтээр буух 84 настай Акихито энэ жил сүүлчийн удаа уг арга хэмжээнд оролцож байна. Тэр 2015 онд дайн дууссаны 70 жилийн ойн өдөр анх удаа “гүн эмгэнэл” илэрхийлж байснаа энэ удаа мөн давтсан юм.

Акихитогийн эцэг Хирохито нь дэлхийн хоёрдугаар дайны үед Японы хаан ширээнд сууж байсан. Дайны гэмт хэрэгтнүүдийн шарилыг 1978 онд Ясүкүнид байрлуулснаас хойш тэр энд зочлохоо больсон гэдэг.

Харин Акихито хаан энэ сүмд огт зочилж байгаагүй юм. Ясүкүнид дайны гэмт хэрэгтнүүдээс гадна дайнд амь үрэгдсэн цэргүүд, энгийн иргэдийн бунхан байрладаг.

 

Эх сурвалж: Reuters