Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Мүүн Жэ Ин хоёр Солонгосын хооронд энэ онд багтаж төмөр зам тавих зорилтоо зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Солонгосын хойгт Японы колоничлол төгсгөл болсны 73 жилийн ойн өдөрт зориулж үг хэлэхдээ Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин хоёр Солонгосын хооронд энэ онд багтаан төмөр зам байгуулахыг уриалжээ.

Тэрээр “Зүүн Хойд Азийн төмөр замын нийгэмлэг” хэмээх байгууллага байгуулж түүндээ хоёр Солонгос, АНУ болон нэр дурдаагүй бусад дөрвөн орныг гишүүнээр оролцуулах хүсэлтэйгээ зарласан байна.

Дараа нь Хөх ордны захиргаа нэр дурдаагүй дөрвөн улс нь Хятад, Орос, Япон, Монгол болохыг баталжээ.

Гэхдээ Мүүн Жэ Иний зорилт биелэхэд саад бэрхшээл олон байгаа. Үүнд Хойд Солонгосын эсрэг тавьсан олон улсын хориг арга хэмжээг нэн түрүүнд нэрлэж байна.

Тэр Европын Холбоо анх байгуулагдаж байх үеийн загварыг энэ үеэр жишээ татжээ. Өнөөдрийн Европын Холбоо анх бий болохдоо ган болон нүүрсний арилжааг дэмжих нийгэмлэг хэлбэртэй байсан юм.

Мүүн Жэ Ин бас эдийн засгийн хамтын ажиллагаа, хэлхээ холбоо нь цөмийн зэвсгээс ангижрах үйлсэд гол түлхэц болно гэж үзэж байгаагаа хэлжээ.

“Улс төрийн нэгдэл урт хугацааг туулж болзошгүй ч Өмнөд ба Хойдын хооронд энхийг тогтоож, иргэд нь чөлөөтэй зорчиж, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь бидний хувьд жинхэнэ чөлөөлөлт болох юм” хэмээн тэр хэлсэн нь Японы колоничлолоос чөлөөлөгдсөн түүхэн үйл явдалтай холбож тайлбарласан хэрэг байв.

Зөвхөн хоёр Солонгосын хувьд биш, нийт зүүн хойд Азийн бүс нутгийн хөгжилд чухал ач холбогдолтой эдийн засгийн хэлхээ холбоо бий болохыг тэр онцолжээ.

Гэхдээ Мүүн Жэ Ин Хойд Солонгос цөмийн зэвсгээ хадгалсаар байвал эдийн засгийн энэ боломж хэрэгжих магадлал буурна гэдгийг бас анхааруулсан байна.

Тэр ирэх сард Пёньянд айлчилж, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай гурав дахь удаагаа уулзах гэж байгаа. Энэ үеэр Мүүн Жэ Ин төмөр зам байгуулах болон түүнийг дагасан эдийн засгийн харилцааны талаар ярилцах төлөвтэй байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian