Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Инфляци өмнөх оны эцсээс 5.5 хувиар өсөхөд мах, махан бүтээгдэхүүний үнэ 32.8 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2018 оны 7 дугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.5 хувь, өмнөх оны эцсээс 5.5 хувь, өмнөх оны мөн үеэс 7.7 хувиар өсчээ. 

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр инфляци 2018 оны 7 дугаар сард өмнөх оны мөн үеэс 7.7 хувиар өсөхөд: 

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 11.1 хувь
  • Төмс, хүнсний ногооны дэд бүлгийн үнэ 45.0 хувь
  • Согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 6.6 хувь
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний дэд бүлгийн үнэ 10.7 хувь
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 9.2 хувь
  • Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 6.4 хувь
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 14.9 хувь Цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 22.1 хувь, 
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 11.7 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
 

Инфляци өмнөх оны эцсээс 5.5 хувиар өсөхөд мах, махан бүтээгдэхүүний үнэ 32.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Харин өнгөрсөн сараас долоодугаар сард өмнөх сараас 0.5 хувиар өссөний зонхилох шалтгаан нь тээврийн бүлгийн үнийн дүнгийн 1.5 хувийн өсөлт байв.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2018 оны долоодугаар сард өмнөх сараас Орхон, Дархан-Уул, Говь-Алтай аймгуудад 0.1-0.5 хувиар буурсан бол бусад аймагт 0.1-1.1 хувиар өссөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Өмнөговь болон Дундговь аймагт 1.1 хувиар өссөн нь нэг сарын хамгийн өндөр өсөлтөд тооцогдож байна. 

 

Харин Улаанбаатар хотод цахилгаан, түлшний бүлгийн үнэ болон хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ болон орон сууц, тээврийн бүлгийн үнэ зэргээс хамаараад инфляци өмнөх оны мөн үеэс 8.8 хувиар өсчээ. 

Улаанбаатар хотод 2018 оны долоодугаар сард өмнөх сараас хэрэглээний сагсны 344 нэрийн бараа, үйлчилгээний 38.7 хувь буюу 133 бараа, үйлчилгээний үнэ өсөж, 17.7 хувь буюу 61 бараа, үйлчилгээний үнэ буурч, 43.6 хувь буюу 150 бараа үйлчилгээний үнэ өөрчлөгдөөгүй байна.