Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

З.Энхбат: Хот хоорондын зорчигч тээврийн ААН-үүдийн зардлын 55-60 хувийг шатахууны үнэ эзэлж байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Хот хоорондын зорчигч тээврийн үнэ тарифын асуудлаар “Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо” өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монгол Улсын хэмжээнд хот хоорондын нийт 72 чиглэлд 59 аж ахуйн нэгж, 1,000 гаруй тээврийн хэрэгсэлээр үйлчилдэг бөгөөд үүнээс 800 орчим нь 45 хүний суудалтай том оврын автобус байдаг аж.

Бид өнөөдрийг хүртэл 50 төгрөг ч хүргэлгүй 10 жил явсаар ирлээ

 
Гэрэл зургийг Mpa.mn

Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооны тэргүүн Т.Хүрэлхүү "Анх мал, машин хоёр 1990 онд хувьчлагдсанаас хойш 1995 оноос бүх компани улсын байгууллагууд задарч, тээвэрчид нийлж хувийн зохион байгуулалтаар зорчигч тээврийг үүсгэсэн түүхтэй. Одоо хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслүүд жилдээ 2.3 сая сардаа 180-210 мянга, өдөрт долоон мянга орчим зорчигч хот хооронд тээвэрлэдэг.

2008 он хүртэл тогтсон үнэгүй зорчигч тээвэрлэгч хоёр хоорондоо тохирч тодорхойгүй үнээр явж байсан. 2008 онд Зам тээврийн сайдын жишиг тариф нэг хүн километрт 50 төгрөг гэж тогтоосон. Тэр үед бинзен 900 төгрөг,  дизель түлш 980 төгрөг байсан. Харин одоо аль аль нь 3.5 дахин өссөн байна. Зөвхөн энэ онд гурван удаа нэмэгдэхэд хамгийн сүүлд өнгөрсөн сард өссөн. Нийтдээ энэ онд бензин, дизель түлш 300 орчим төгрөгөөр нэмэгдсэн байна.

Манай холбооны мэргэжилтнүүдийн тооцсоноор сэргээн босголт, зардал, цалингаа оруулаад нэг хүн киломерт 73-81 төгрөг байвал ашигтай байх тооцоо гарсан.
Гэхдээ бид тэр хэмжээнд үнээ нэмнэ гээгүй. Харин 2013 онд Зам тээврийн хөгжлийн сайд бензиний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор нэг километрт 55 төгрөг болгоно гэж жишиг тогтоосон. Гэвч бид өнөөдрийг хүртэл 50 төгрөг ч хүргэлгүй 10 жил явсаар ирлээ. Бид сайдын сүүлд тогтоосон жишигт тохируулаад нэг хүн нэг километрт 55 төгрөгөөр зохицуулж өгөхийг хүсэж байна.

Хот хоорондын зорчигч тээвэрлэгчид өдий хүртэл алдагдалтай ажиллаж ирсэн бөгөөд төрөөс нэг төгрөгний ч нөхөн олговор байдаггүй. 45 хүний суудалтай автобус суудал ашиглалтын үнээс үл хамааран яг л цагтаа хөдлөдөг ч эрсдэл алдагдалаа өөрсдөө төлдөг. Уг нь  автотээврийн тухай хуульд зааснаар тухайн алдагдлыг төрөөс хариуцаж байх ёстой байдаг. Гэтэл тэрийг одоо болтол төрөөс шийдэж өгөхгүй байна. Ард иргэдийг тээвэрлэж байгаа энэ үйл ажиллагааг буюу төрийн үүргийг зуун хувь хувийн хэвшил нуруун дээрээ үүрч байна. Өнөөдрийн ийм байдлаас болж үнэхээр хэцүү байна" гэж ярьлаа.

Шатахууны үнэ нийт зардлын 55-60 хувийг эзэлж байна

 
Гэрэл зургийг Mpa.mn

Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо үүсгэн байгуулагч З.Энхбат "Бид өнөөдөр өөрсдийн ашгийн тухай ингээгүй. Зөвхөн зардлаа нөхөхийн тулд сайдын батласан жишгийн дагуу нэмэн зохицуулалт хийж өгөхийг л хүсэж байна. Үнэхээр хэцүү байдалд байгаа учраас ингэж байна. Хот хоорондын зорчигч тээвэрлэдэг ААН-үүд хувьд 100 хувийн шатахуунаас хамаардаг. Шатахууны үнэ нийт зардлын 55-60 хувийг эзэлж байна" гэлээ.

Мэдээллийн дараа Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооны тэргүүн Т.Хүрэлхүү сэтгүүлчдийн асуултанд хариулав.

- Та бүхэн харьяа яамдаа энэ асуудлаа тавьсан уу? холбогдох албаны хүмүүс энэ асуудлыг хэрхэн хүлээж авсан бэ?

- Энэ асуудлаар олон тооцоо, судалгаа хийж хүргүүлсэн байдаг. Нөхцөл байдлыг ч бүгд хүлээн зөвшөөрдөг. Тэгээд авто тээврийн тухай төрөөс баримтлах бодлогыг шинэчилнэ гэдэг. Гэтэл өнөөдөр Монголд авто тээврийн тухай төрөөс баримтлах бодлого байхгүй. Монголын нийт тээврийн 95 хувийг авто тээвэр гүйцэтгэдэг.

Бид ард иргэдийг нэг хаалганаас нөгөө хаалгаруу хүргэдэг. Шилний цаанаас чихэр долоолгоно гэдэг шиг сүүлийн таван жил бодлого батлагдахыг хүлээж байна.  Одоо хүртэл авто тээврийн бодлого байхгүй. Бид төрийн бас нэгэн үүргийг гүйцэтгэж байгаа учраас зүгээр тэсээд өнгөрсөн.

Бид нийгмийн захиргааны үүрэг гүйцэтгэж байгаа болохоос хувиараа аялал жуулчлал хийгээд явж байгаа тээврийн хэрэгсэл биш.