Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

“Булган” СӨХ хүүхдийн тоглоомын талбай барих газартай боллоо

ikon.mn
2018 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Хотын дарга Баянгол дүүргийн 6-р хороо, Сувилахуйн сургуулийн зүүн талд газар эзэмшиж байсан “Сайхан булган” ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгож, уг газрыг “Булган” СӨХ-д шилжүүлэн, ашиглуулах захирамж өнөөдөр гаргалаа. “Сайхан булган” ХХК-ийн эзэмшиж байсан энэхүү газар дээр барилга барих боломжгүй, нийтийн эзэмшлийн талбайгаар ашиглах шаардлагатай гэсэн дүгнэлтийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас удаа дараа тус компанид хүргүүлж байсан боловч “Сайхан булган” ХХК энэхүү дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсаар өдийг хүрсэн юм.

“Сайхан булган” ХХК-ийн эзэмшиж байсан газрын ойр орчимд барилгын нягтаршил ихтэй, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж барих шаардлага олон жилийн өмнөөс тулгарч байсан боловч хууль зөрчин “Сайхан булган” ХХК-д олгогдсон газар эзэмших зөвшөөрлийн улмаас амралтын цогцолбор баригдах боломжгүй байжээ. Хотын дарга үүсээд байсан энэхүү асуудлыг анхааралдаа авч хуулийн дагуу, иргэдийн талд шийдвэрлэснээр тухайн бүсийн оршин суугчид “Булган” СӨХ-оороо дамжуулан уг газар дээр хүүхдийн тоглоомын болон ахмадын амрах талбай барьж байгуулах боломж нээгдэж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар шинээр газар олгохыг хориглосон захирамжийг 2016 онд гаргасан. Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлснээр нийслэлийн оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, зүлэг, мод, бут, сөөг, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламжийг орон сууцны хороолол дунд барих боломж бүрдсэн юм. Гэвч орон сууцны ойр орчмын газар тодорхой эзэнгүй, харьяалах этгээдгүй, мөн хууль бусаар газар эзэмшиж буй иргэд, ААН-үүдээс шалтгаалан тоглоомын талбай байгуулах, СӨХ-дууд бодит хөрөнгө оруулах боломж хаагдмал байсаар байгаа юм. Энэхүү нөхцөл байдал байдалтай холбогдуулан Хотын дарга Сууц өмчлөгчдийн холбоодын газрын асуудлыг судалж шийдвэрлэх цогц үйл ажиллагаа бүхий “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг өнгөрсөн гуравдугаар сард эхлүүлсэн юм.

Одоогийн байдлаар Нийслэлийн хэмжээнд 1,034 СӨХ үйл ажиллагаагаа явуулж байгаагаас энэхүү аянд хамрагдаж  орчны газраа баталгаажуулсан СӨХ-үүдийн тоо 569–д хүрээд байгааг нийслэлийн Газрын албанаас мэдээллээ. Харин үлдсэн 465 СӨХ газраа ашиглах хүсэлтээ өгсөн. Үүнийг судалж, шийдвэрлэх шатандаа явж байгаа аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.