Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

СУРВАЛЖИЛГА: ХАВДРЫН ШИНЭ ЭМНЭЛЭГ ирэх 10 дугаар сард ашиглалтад орно

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 8 сарын 15
Сурталчилгаа
Зураг зураг

Монголчууд энэ оны 10 дугаар сар гэхэд Япон стандартаар баригдсан хавдрын шинэ эмнэлэгтэй болох нь. Одоогоор эмнэлгийн барилгын ажил 80 гаруй хувьтай байгаа бөгөөд есдүгээр сарын сүүлээр улсын комисст хүлээлгэн өгч, түүнээс хойш эмнэлгийн тоног төхөөрөмжүүдээ суурилуулж эхлэх юм байна. 

Одоо байгаа улсын ганц эмнэлэг ачааллаа дийлэхгүйн улмаас иргэд очер дарааллаа хүлээж чадахгүйд хүрч, гадаад улс орон руу байдгаа барин эмчлүүлэхээр явсаар байна. Харин 12 давхар шинэ эмнэлэг ашиглалтанд орсноор өдөртөө 500, жилдээ 150 мянган иргэн тус эмнэлэгийн амбулаториор үйлчлүүлж оношилгоо эмчилгээ хийлгэх боломжтой болж байгаа бол 50 мянган хүн хэвтэн эмчлүүлэх боломж бүрдэнэ гэв. Энэ нь улсын Хавдрын эмнэлэгийн ачааллыг хоёр дахин бууруулна гэсэн үг. Нөгөөтэйгүүр Монголдоо эмчлүүлэх боломжгүй иргэдийг ч хүмүүнлэгийн шугамаар гадны улс орнуудын нэртэй эмч нарыг урьж хагалгаа хийлгэх менежментийг эртнээс төлөвлөн, нутагшуулахаар ажиллаж байгаа юм байна. 

Шинэ эмнэлэгт ажиллах эмч, ажиллагсадын 90 гаруй хувь нь Монголчууд байх бөгөөд яг одоо эмнэлгийн барилгыг бүтээн байгуулж буй ажиллагсадын мөн л 90 гаруй хувь нь Монголчууд байх юм. Нэг ёсондоо Монгол улсад гадны ямар нэгэн хөрөнгө оруулалтгүй, Монгол эзэнтэй, Монгол инженерүүдийн ур ухаанаар бүтсэн нэгэн шинэ эмнэлэг үүд хаалгаа нээхээр зэхэж байна.

 
 

ЖИЛДЭЭ 50 МЯНГАН ХҮН ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ

Монголын эмнэлгийн барилгуудад жишиг болж, стандарт тогтоохуйц энэ том бүтээн байгуулалттай танилцан дараах сурвалжлагыг бэлдлээ. 12 давхар 11 мянган м.кв энэ барилгыг зөвхөн хавдрын эмнэлэгт зориулсан Япон стандартаар Монгол инженерүүд барьжээ. Эмнэлгийн систем бүхэлдээ ухаалаг программчлалтай бөгөөд агааржуулалт, халаалт, хөргүүр, гэрэлтүүлэг, камер, галын систем бүгд нэгдсэн удирдлагын төвд хянагддаг юм байна.  Ингэснээр өрөө болон ор бүрийн дээр шийдэгдсэн агааржуулалтын систем орчны агаарыг автоматаар мэдэрч, бохирдсон бол агаарын солилцоо явуулж, халсан бол хөргөж, хөрсөн бол халаах горимд шилжинэ. Орчноо мэдэрч унтарч асдаг энэ систем нь цахилгаан бага зарцуулдаг тул байгальд ээлтэй эко технологид тооцогддог юм байна. Гаднах агаарыг гурван давхар шүүлтүүрээр шүүж оруулдаг тул өвлийн цагт утаанаас айх аюулгүй. 

Нэгдсэн удирдлагын системд 12 давхар эмнэлгийн барилгын бүх мэдээлэл минут секунд тутамд очдог тул эвдрэл гэмтэл гарахад хүний оролцоогүйгээр шууд мэдэрч, мэдээлдэг гэнэ. Тухайлбал, аль нэг давхарт гал гарвал систем автоматаар ажиллан, дохио өгч, гал гарсан давхрыг тогтоон, бусад давхар руу утаа оруулалгүй, шууд гадагшлуулдаг орчин үеийн технологиор шийдэгджээ. 

Бас нэг сонирхолтой шийдэл нь улсын эмнэлэгт хоёрхон байдаг хийн шугамыг энэ эмнэлэгт тав байхаар шийдсэн байна. Агаар, вакум, хүчилтөрөгч, азотын исэл, нүүрсхүчлийн хий зэрэг таван хий нь хавдрын эмнэлэгт эмчилгээ үйлчилгээ явуулах стандарт гэв. Тухайлбал,  нүүрсхүчлийн хийг дурангийн хагалгаанд ашигладаг бол, азотыг хийг бага газрыг мэдээ алдуулан мэс ажилбар хийж, хүчилтөрөгчөөр хагалгаанд орж буй өвчтөнг хангах, хагалгааны дараа вакум гэх мэт ач холбогдолтой. Ер нь аль болох олон төрлийн хий байх тусам бага зардлаар олон төрлийн хагалгаа хийх орчин бүрддэг аж. Мэдээж эдгээр хийнүүдийг агуулах баллонуудын аюулгүй байдлыг ч тун сайн бодолцсон талаар инженер тайлбарлан ярьсан нь бий. 

Шинэ эмнэлгийн бас нэгэн дэвшилтэт шийдэл бол бохироо энгийн, нянгаар бохирдсон, химийн бодисоор бохирдсон гэж ангилан ялгаж, тус бүрийг нянгүйжүүлж, саармагжуулж байж төв бохирын систем рүү илгээдэг аж. Түүнчлэн энд өвчтөн бүрийн орны толгойд сувилагчаа дуудах дуудлагын систем, хүний биед хоргүй зөөлөн шаргал гэрэлтүүлэг, хэзээ ч тасрахгүй цахилгаан, нянг эсэргүүцэж устгадаг ханын будаг эмульс, хаалга гэх мэт олон шинэ шийдлүүдийг оруулжээ.

ХҮНИЙ АМЬТАЙ ХОЛБООТОЙ ХЭСГҮҮДЭД НЭГ СЕКУНД Ч ТОГ ТАСРАХГҮЙ

 

“Гексаэдр Клауд” ХХК-ийн Ерөнхий захирал, цахилгаан хамнгамжийн инженер А.Бямбасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Танай компани энэ эмнэлгийн барилгад ямар ажил гүйцэтгэж байгаа вэ? 

-Ачлал констракшн ХХК-ийн хавдрын эмнэлэг дээр манай компани дотор цахилгаан, дотор холбоо дохиолол, сувилагчийн дуудлагын системийг хариуцан хийж байгаа. Одоо дотор монтажын ажил 100 хувь дууссан, тоноглол суулгах ажил явж байгаа бөгөөд нийт гүйцэтгэлээрээ 85 орчим хувьтай байна. 

-Танай компани өмнө ийм эмнэлгийн ажил дээр ажиллаж байв уу? 

-Манай компани энэ чиглэлээр ажлаад 15 жил болж байна. Орчин үеийн эмнэлэг гэвэл энэ гурав дахь эмнэлэг нь юм. Интермэд, Монгол Японы хамтарсан АШУҮИС-ийн сургалтын эмнэлэгийн дотор цахилгааны ажил дээр бид ажилласан. 

-Нилээд туршлагатай юм байна шүү дээ. Өмнө ажиллаж байсан эмнэлгүүд болон Монголын бусад эмнэлгүүдтэй харьцуулахад юугаараа давуу талтай гэж та харж байна вэ? 

-Интермэд болон Япон Монголын хамтарсан эмнэлгүүдтэй яг л адилхан болж байгаа. Учир нь тэнд ажилласан технологи, Монголын барилгын норм, дүрэм аль алийг нь нийцүүлээд хийж байгаа. Яг онцлог нь гэвэл дандаа Монгол инженерүүд Монгол захиалагчтайгаар ажиллаж байна. 

-Энэ барилгыг Япон стандартад нийцүүлж барьж байгаа гэсэн. Цахилгаан монтажын хувьд ч тийм үү? 

-Тийм. Улсын барилгуудтай харьцуулахад цахилгаан хангамжин дээр хоёр талын эх үүсвэртэй дэд станцаас энэ барилга тэжээгдэж байгаа. Мөн хоёр талын тэжээл тасрахад дизель генератор ажилладаг байхаар хийсэн. Дизель генератор ажиллахдаа давхар “UPS” буюу баттерейний системтэй. Энэ барилга дээр эмчилгээ, оношилгоо явагдаж байхад ямар ч тохиолдолд тог тасрахгүй. Ийм эмнэлэгийн барилга сая сүүлд дурдагдсан гурван эмнэлэг л байна.

 

-Бүр санаатайгаар таслахгүй л бол баталгаатай байх нь ээ? 

-Санаатайгаар тасалсан ч тогоо барьж байна. Учир нь баттерейны систем болох UPS, дизель генератор тусгай хамгаалалттай байж байна. Ер нь санаатайгаар таслахад ч хэцүү. UPS бол тог тасрах үед дизель генератор залгагдах хүртэл цөөн хэдэн секунд нөхөөд хоцордог төхөөрөмж юм. Мөн өрөөнүүдэд утас цэнэглэх гэх мэтэд зориулсан энгийн разетка бий. Муугаар бодож ямар нэг юм болоход энгийн разектка л доголдоно. Харин эмчилгээний аппарат залгасан разетканууд хэзээ ч доголдохгүй. Хүний амьтай холбоотой хэсгүүд найдвартай тогтой байдаг.

 
 

ЯМАР Ч ИНЖЕНЕР ИРЭЭД ХАРАХАД АНХНААС НЬ ОРОН СУУЦНЫ ЗОРИУЛАЛТААР ХИЙГЭЭГҮЙГ НЬ МЭДНЭ

-Энэ барилгыг орон сууцны барилгын стандартаар баригдсан гэж хүмүүс хардаж байна. Орон сууц барих гэж байгаад эмнэлэг болгоод өөрчилсөн гэх юм. 12 давхар болохоор ийм хардлага байгаа юм болов уу?

-Би энэ барилга ээр 2014 оноос эхлэн барилгын суурь байхаас нь эхлээд зураг төсөл дээр нь зөвлөхөөр ажиллаж эхэлсэн. Энд орон сууцны чиглэлтэй нэг ч юм байхгүй. Үүнийг ямар ч мэргэжлийн инженер орж ирээд харсан ч орон сууцны барилгыг өөрчилчихжээ гэж хэлэх юм үгүй. Энэ бол яг л эмнэлэгт зориулсан цэвэр зураг төслийг анхнаас нь зориулж хийсэн учраас 100 хувь эмнэлгийн зориулалттай цахилгааны монтаж хийгдсэн. Барилга давхар бүртээ гурван самбартай, дизель генератор, UPS, ердийн гэсэн гурван тэжээлтэй. Орон сууц, оффист аль алинд нь ийм зүйл байхгүй, зөвхөн энэ эмнэлэгт зориулагдсан. Гаднаас нь харсан ч харагдана. Үүнд таарсан зэс кабельтай, ямар ч болгоомжлох зүйлгүй. Энэ ажлыг хийж байгаа манай хамт олон энэ ажлаараа бахархаж байгаа шүү.

-Камер аюулгүй байдлыг танайх мөн хариуцаж байгаа юм байна шүү дээ. Аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа вэ?

-Энэ барилга дээр маш олон төрлийн холбоо дохиоллын систем бий. Хяналтын камер, зарлал мэдээллийн систем, галын дохиолол, сувилагчийн дуудлагын систем, ослын гэрэлтүүлэг гэх мэт. Энэ бүгдийг яг л орчин үеийн эмнэлэгт ямар байх ёстойгоор байрлуулсан. Камерын тоо, байршил зэргийг эмнэлэгийн аюулгүй байдалтай холбоотой учраас дэлгэрэнгүй ярих боломжгүй. Энэ бүгд автомат удирдлагатай. Энэ диспетчерийн өрөөнд байгаа хянагч байнгын хянаж, удирдаж байна. Эмнэлгийн гаднах гэрэлтүүлгийг ч мөн энэ өрөөнөөс хянаж, зохицуулна. 

-Гэрэлтүүлгийн хувьд мөн л эмнэлэгийн зориулалттай байх?

-Тиймээ. Эмнэлгийн гэрэлтүүлэг бас л онцлогтой. Японуудаас бид бас л суралцаж байна. Эмнэлгийн гэрэлтүүлгийн өнгө өрөөний зориулалтаасаа шалтгаалаад Япон эмнэлгийн стандартаар өөр өөр байна. Энэ өрөөний гэрэл гэхэд цагаан өнгөтэй байна. Харин хэвтэн эмчлүүлэгсдийн өрөө гэхэд арай шаргал, зөөлөн байдаг. Барилгын бүх гэрэлтүүлэг “Oppal” ЛЕД, маш урт удаан настай, хүний нүдэнд хамгийн ачаалал бага өгдөг, цахилгаан бага зарцуулдаг. Гэрэлтүүлгээс гадна хэвтэн эмчлүүлэгсэдийн өрөөний ор бүрийн дээр тусгай хэсгийг шийдэж өгсөн байгаа. 

 

-Маш олон разетка харагдаж байна? 

-Хавдрын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсэд ихэвчлэн хүнд хагалгаанд ордог, ухаангүй байх нь элбэг байдаг учраас нэг хүн дээр гэхэд 4-5 төрлийн аппарат залгадаг юм байна. Тэгэхээр аппарат бүрийг залгах разеткаг стандартын дагуу шийдсэн. Яг л хавдрын эмч нараас зөвөлгөө авч байж энэ толгой дээрх системийн хэсгийг шийдэж өгсөн. Мөн энд хийн системүүд, бохир зайлуулах хэсэг гэх мэт хэсгүүд харагдаж байна. Энэ модон хавтан гоёлын юм шиг харагдаж байгаа боловч үүний ард бүх нарийн монтажууд бий. Үүнийг хараад хэн ч орон сууцны барилгыг өөрчилсөн гэж хэлж чадахгүй. 

-Сувилагч дуудах гэсэн бичиг байна. Энэ системийн талаар та тайлбарлаж өгөхгүй юу? 

-Сувилагчийн дуудлагын систем гэж гайхалтай шинэ зүйлийг энд суурилуулж өгсөн байгаа. Энэ нь өвчтөн ямар нэг байдлаар бие нь өвдөх, эвгүйдэх үед энэхүү товчлуур дээр дарснаар сувилагчийн пост дээр аль өрөөний аль өвчтөн дуудлага хийж байна вэ гэдэг нь харагдана. Сувилагчийн дуудлагын энэ систем ариун цэврийн өрөөнд ч бий. Зарим тохиолдолд хүмүүс ариун цэврийн өрөөнд харгалзах хүнгүй байхдаа хальтарч унах, бие нь өвдөх тохиолдлууд гардаг юм байна.

Хэвтэн эмчлүүлэх энгийн өрөө

БОХИРЫН СИСТЕМ НЬ ЭНГИЙН, НЯНГААР БОХИРДСОН, ХИМИЙН БОДИСООР БОХИРДСОН ХАЯГДЛЫГ АНГИЛАН ЯЛГАНА

 

“ТН Инженер” ХХК-ийн захирал, Монгол улсын Зөвлөх инженер Б.Равдандорж:

Манай компани зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани юм. 2013 оноос хойш би  М.Билэгт гишүүнтэй уулзаж, энэ эмнэлэгийн барилгын талаар сонсож байсан. Гэсэн ч нэг л итгэл үнэмшил төрөхгүй л байв. Яваандаа харин энэ барилга маань санаанд оромгүй хурдан босч, бид гэрээгээ байгуулан, төслийн зөвлөх үйлчилгээ, материалын чанар, дэд бүтцийн ажлуудын чанар дээр ажиллаж байна. 

2013 оноос хойш энэ барилга дээр Япон, Солонгос олон компаниудаар дэд бүтцийн шийдлийн зураг зуруулж байсныг нь би мэднэ. Энэ бүрт маш их мөнгө үрэгдсэн. Тэр мөнгө болгоны цаана маш том зурагнууд маш том төслүүд гарч ирсэн. Энэ бүгдийг нэгтгээд бид дунджаар Монгол төсөл болгоод хийж байгаа. Энэ төсөл дэлхийн стандартад нийцнэ. Нэгдүгээрт бид өөрсдөө ч маш их зүйл сурч, туслан гүйцэтгэгч компаниуд маш том баг болж бүрдлээ. 

Энэ эмнэлэгийн барилгад Монголд байхгүй юм их бий. Тухайлбал, агаар сэлгэлтийн тухайд өрөө бүр халуун хүйтэн хэмийг тохируулах тусгай системтэй, хоёрдугаарт ерөнхий нийтлэг агаарыг гаднаас оруулж ирэхдээ агаарын чанар ямар вэ гэдгийг хянана. Удирдлагын өрөөнөөс өрөөний агаарыг хянаж цэвэр бохироос нь шалтгаалан агаар сэлгэлт автоматаар хийгдэнэ. Энэ мэт дэлхийн жишигт нийцсэн шинэ зүйлс их бийг цохон тэмдэглэмээр байна.

 

Хоёрдугаарт автоматикийн асуудал нилээд нарийн. Бүх өрөөнүүд диспечирийн удирдлагатай холбогдсон. Энэ барилгын дэд бүтцүүд ажиллаж байна уу, хэвийн байна уу гэдэг бүх зүйлсийг тэр удирдлага автоматаар хянаж байна. Бүх зүйлс хийгдэж дуусахад би энэ барилгыг өөрийнхөө хөөрүү сэтгэлээр “Амьтай барилга” гэж нэрлэмээр санагдаад байгаа юм. Одоо ухаалаг гэдэг үг их ашигладаг болсон байсан. Гэхдээ ухаалаг гэхээсээ илүүтэй өнгө зүснээсээ эхлээд энэ эмнэлгийн барилга маань амьд л юм шиг санагдах юм. Хөгшин болсон хойноо ийм сайхан ажилтай орооцолдчихлоо гэж их олзуурхууштай, бахархалтай байгаа. Энэ олон залуусын дунд орж, хамтдаа суралцаж, шийдэж, шинийг бүтээж байгаадаа баяртай байна. 

Нэмж хэлэхэд, энэ барилгын бохирын системийг би мөн онцлохыг хүсч байна. Ердийн хаягдал болон мэс заслаас гарсан буюу нянгаар бохирдсон, химийн бодисоор бохирдсон хаягдлуудыг ялгаж хаях хоёр төрлийн сувагтай. Нянгаар бохирдсон болон химийн бодисоор бохирдсон хаягдлууд тусдаа системээр зайлуулагдаад нянгүйжүүлэх, саармагжуулах тусгай цэвэрлэх байгууламжтай. Энэ төхөөрөмж нь мэс заслын дараагаар нянтай хаягдал ороход нянгүйжүүлээд бохирын нэгдсэн систем рүү нийлүүлнэ гэсэн үг. Нөгөөх нь химийн хорыг саармагжуулаад мөн нэгдсэн бохирын систем рүү нийлүүлнэ. Ингээд бодохоор их төвөгтэй.

-Эмнэлэгийн бүх ажлыг Монгол инженерүүд хийж байгаа болохоор цаашид яг ийм стандарт бүхий эмнэлэгийн барилга барихад гаднаас өндөр үнээр заавал инженер урьж, зөвлөх үйлчилгээ авах шаардлагагүй гэж та үзэж байна уу?

-Тэгэлгүй яахав. Энэ эмнэлгийн барилга дуусахад хоёр төрлийн баялаг бий болно. Нэгдүгээрт Монголын ард түмэнд хэрэгтэй эмнэлэгтэй болж байна. Хоёрдугаарт, дэлхийн стандартын эмнэлэг барих чадвартай, чадалтай баг бүрдэж байгаа юм шүү дээ. Бидэнд монгол хүндээ итгэдэггүй нэг зовлонтой чанар бий. Одоо инженерүүддээ итгэж эхлэх хэрэгтэй.

МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД ӨӨРСДӨӨ АЖИЛЛАСАН УЧИР АШИГЛАЛТЫН ЯВЦАД ХҮНДРЭЛ ГАРВАЛ ГАДНЫХНЫГ ГУЙХГҮЙ

 

“ТН Инженер” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Амарсанаа: 

- Танай компани энэ барилгад ямар үүрэгтэй оролцож байгаа вэ? Та ажлаасаа чухлыг нь онцлон хэлбэл? 

-Манай компани энэ төсөл дээр автоматик, цахилгаан, холбоо дохиолол дээр захиалагч талын хяналтын инженерээр ажиллаж байна. Тог тасраад дизель генератор ажиллах хүртэл ойролцоогоор арван хэдэн секунд тог анивчаад асдаг. Тэр үед мэс засал хийж байгаа эмч нарт хүндрэлтэй байдаг. Харин UPS төхөөрөмжийг суулгаснаар тог тасарсан ч анивчих юм байхгүй, юу ч мэдэгдэхгүй шууд тог залгагдана.

Мөн оношилгоо, шинжилгээний аппаратуудад доголдол гарахгүй учраас хариунууд үнэн зөв гарах боломжтой. Мөн гэрлүүдийн хувьд Япончуудын туршилтаар орсон гэрлүүдийг сонгож, захиалгаа хийсэн байна. Автоматикын хувьд ч тэр эмнэлэгт зориулагдсан тоног төхөөрөмжүүдийг Монгол инженерүүдийн ур ухаанаар угсран хийсэн. Монгол инженерүүд өөрсдөө ажиллаж байгаа учраас хэдэн жилийн дараа асуудал гарахад заавал Япон улс, гадны инженер гэхгүй Монголчууд өөрсдөө шийдсэн учир ашиглалтын явцад хүндрэл гарахгүй. 

 

-12 давхар барилга аюулгүй ажиллагаа талаасаа хийн шугамууд тэсрэх дэлбэрэх эрсдэл бий болов уу?

-Япончууд энэ төсөл дээр дөрвөн жил гаруйн хугацаанд ажилласан учраас хийн систем дээр ч мөн маш нягт нямбай ажилласан. Таван төрлийн хийн систем, шугам хоолойнуудыг хийсэн. Үүнийг дагаад хийн баллонууд байсан учраас манай Монголын стандартын дагуу байшин дотор байж болохгүй. Тэсэрч дэлбэрвэл байшингийн хийцэд аюултай тул автозогсоолын доод талын техникийн хэсэгт, бүрэн тусгаарласан байдалтай шийдэхийг инженерүүд зөвлөлдөж шийдсэн. Мөн MRI гэж аппарат Энэтхэгт шууд машин татаж ирээд нялчихсан тохиолдол олон байдаг. Иймээс цахилгааны шугам сүлжээ, усны шугам сүлжээ, инженерийн шугамуудаас таван метрийн зайтай байлгахаар стандартын дагуу шийдэж өгсөн байгаа. Ингэснээр оношлогооны хариу ч зөв гарч, аваарьгүй байхаар шийдлээ.

ИРГЭД ГАДААД ЯВАХ ЗАМЫН ЗАРДЛААРАА Л ЭХ ОРОНДОО ЭМЧЛҮҮЛДЭГ БОЛНО

 

УИХ-ын гишүүн М.Билэгт: 

-Эмнэлгийн талаар нилээд мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарлаа. Үүнтэй зэрэгцээд олон шүүмжлэл, хардал сэрдэлтүүд байна. Төрд энэ байрыг шахах гэсэн гэх юм? 

-Би энэ эмнэлгийн барилгыг төрд шахна гэж бодож барьсан бол анхнаас нь Монголынхоо эрүүл мэндийн стандартад нийцсэн зураг төслийг Монголчуудаараа хийлгээд л маш хямд зардлаар босгочихож болох л байсан шүү дээ. Гэтэл заавал өндөр хөгжилтэй орны стандартаар хийнэ гэж, тэр Япон улсаар өчнөөн өндөр өртөгтэй зураг төсөл хийлгэж, өдий болтол зүтгэж байна.

Би зөвхөн эмнэлгийн барилгын стандартыг Монголд нэвтрүүлээд зогсохгүй, эмнэлэгийн менежментийн стандартыг ч нэвтрүүлэх гэж хичээсэн. Эмнэлгийнхээ эмч ажилтнуудын харьцаа хандлагыг хүртэл тэр л стандартын дагуу байлгах гэж, бусад эмнэлгүүдэд жишиг тогтоох гэж Япончуудын менежментийг хүртэл нэвтрүүлж байгаа шүү дээ. Гэхдээ хэт их ачаалалтай ажилладаг улсын эмнэлгийн эмч ажилтнуудынхаа харьцаа хандлагыг буруутгах гээгүй юм шүү, тэдний буруу биш, тогтолцоондоо учир бий.

Манай Монголчууд яагаад тамын тогооны үлгэр шиг болоо вэ гэж л гайхаж сууна. Энэ төслийг шахах гэж байна гэж хардаж байна. Энэ 20 гаруй жилийн хугацаанд оёдолчиноос гэр бүлийн бизнестэй болох хүртлээ би урагшилсан байдаг. Харин өнөөдөр би энэ олон жилийн хөдөлмөр, гэр бүлийн бүх бизнесээ дэнчин тавьж зээл аваад эмнэлэг барина гэж зорьсон. Орон сууц биш шүү. Би 2012 онд 16 давхар гурван ч том орон сууцны суурь барьчихсан байсан. Гэхдээ тэр бүхнийгээ орхиод байгаагаа бүгдийг нь яг л энэ төсөлдөө зориулсан. Биеийн амрыг бодсон бол, их мөнгө олно гэж бодсон бол түүнийгээ л бариад явах байсан шүү дээ.  Гэтэл манай Монголчууд бусдаас үргэлж л тусламж гуйсан хүмүүс байх ёстой юм уу. Юм л бол гадаадаас зөвлөх үйлчилгээ, гадаадаас инженер гээд л өчнөөн өндөр үнээр урьдаг шүү дээ.

Өмнөх жилүүдэд хэрэгжүүлсэн Гудамж төслийн удирдах үйл ажиллагааг явуулахад зөвлөх үйлчилгээний төлбөр 20 тэрбум төгрөг гэсэн. Энэ нэг л жишээ. Харин би чадах хэмжээндээ ард түмэндээ хөрөнгө оруулъя, гадагшаа явалгүй эндээ эмчлүүлье, эмнэлгийн стандартыг олон улсад нийцүүлье, стандартын дагуу эмнэлгийн барилга барьдаг Монгол инженерүүдтэй больё гээд зориод зүтгээд байхад харлуулаад байгаад харамсаж байна. Ер нь олон нийтийн сүлжээнд хоёр төрлийн хүн байна гэж би харж байгаа. Нэг хэсэг нь ард түмэнд хэрэгтэй эмнэлгийн барилгыг харлуулж, улстөржүүлж байгаа бүлэг, нөгөө нь хямд зардлаар эрүүл мэндийн үйлчилгээ авахыг хүсч байгаа жирийн л ард иргэд. 

-Та эмнэлгийнхээ үнэ тарифыг ямар байхаар төлөвлөж байгаа вэ? Хувийн эмнэлгийн үнэ тарифыг энгийн иргэд гүйцэхгүй байх вий гэж эмээж байгаа болов уу? 

-Иргэд гадаад руу явахгүйгээр Монголдоо оношилгоо, эмчилгээгээ хийлгэг. Тэгэхдээ гадаад явж байгаа замынхаа зардлаар л энэ үйлчилгээг эх орондоо авчихдаг болно гэж би ам бардам хэлэх байна. 

ЗУРАГ: Дотоод заслын материалууд бэлэн болсон байгаа нь:

 

Б.ГЭРЭЛ

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.