Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Дайнд ялагдсаны ойн өдөр Шинзо Абэ Ясүкүни сүмд тахил өргөжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр бол Япон улс дэлхийн хоёрдугаар дайнд бууж өгсний ойн өдөр юм. Энэ өдрийг тохиолдуулж тус улсын ерөнхий сайд Шинзо Абэ өөрийн бие төлөөлөгчөөр дамжуулан Ясүкүни сүмд тахил өргөсөн байна. Уг сүмд дайнд амь үрэгдсэн япон цэргүүд, иргэдийн бунхан оршдог юм.

Өмнө нь Абэг энд биеэр зочилж тахил өргөхөд Хятад, Өмнөд Солонгосын олон нийт хүчтэй эсэргүүцэл үзүүлдэг байв. Учир нь Ясүкүнид дайны үед гэмт хэрэг үйлдсэн гэж Холбоотнуудын шүүхээр яллагдсан 14 цэргийн эрхтний шарил байдаг юм.

Эрх баригч Либерал Ардчилсан Намын хууль тогтоогч Масахико Шибаяма ерөнхий сайдын тахилыг өмнөөс нь сүмд өргөсөн байна.

Шинзо Абэ 2012 онд ерөнхий сайд болсноосоо хойш Ясүкүнид нэг удаа өөрийн биеэр зочилж байсан бол өмнө нь олон удаа очиж байсан түүхтэй.

Өнөөдөр үдээс хойш болох дайнд амь үрэгдэгсдийн дурсгалд зориулсан арга хэмжээнд Шинзо Абэ, эзэн хаан Акихитогийн хамт оролцоно.

Япон улс 1945 оны наймдугаар сарын 15-нд дайнд бууж өгснөө зарлаж, есдүгээр сарын 2-нд албан ёсоор баримт бичигт гарын үсэг зурж байжээ.

 

Эх сурвалж: Japan Today