Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Католик сүм хийдүүд 300 орчим санваартныхаа садар самуун явдлыг нуун дарагдуулж байсныг дэлгэлээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын Пеннсилвань мужийн дээд шүүх тус муж дахь католик шашны сүм хийдүүд олон арван жилийн турш 300 орчим санваартныхаа хүчирхийлэл, бэлгийн дарамтын хэргийг нуун дарагдуулж байсныг баталсан дүгнэлтийг олон нийтэд ил болгожээ.

Хоёр жил үргэлжилсэн шалгалтын үр дүн болох 900 гаруй хуудастай шүүхийн дүгнэлтийг мужийн ерөнхий прокурор Жош Шапиро онлайн сүлжээнд байрлуулсныг зарласан байна.

Тэрээр “Хамгийн гол нь тэд хүүхдүүдэд туслахын оронд хэл амнаас зугтаж байжээ. Санваартнууд бага насны хөвгүүд, охидыг хүчирхийлж байхад тэдний дээд эзэн болох бурхан юу ч хийсэнгүй” хэмээн мэдэгдсэн юм.

Хохирогч хүүхдүүдийн тоог 1,000 орчим гэж гаргасан ч өнгөрсөн хугацаанд зарим баримт устаж үгүй болсон, хохирогчид ил гарахаас айж байгаа тул үүнээс ч олон байх боломжтой гэнэ.

Зөвхөн Пеннсилваний сүм хийдийн тэргүүнүүд бус, Ватикан хүртэл ийм хэргүүдийг нуун дарагдуулах ажлыг системтэй хийж байсныг илрүүлжээ.

“Нуун дарагдуулах ажиллагааг маш нарийн гүйцэтгэж байжээ. Хамгийн гайхмаар нь сүм хийдийн тэргүүнүүд баримтуудыг нууцлан хадгалж байсан байна. Тэдэнд бүр нууц архив хүртэл байжээ” гэж Харрисбург хотод болсон хэвлэлийн хурал дээр Шапиро хэлсэн байна.

Пеннсилвань муж улсад 3.2 сая католик шашинтан амьдардаг. Тэдний ихэнхийг хамардаг зургаан том сүм хийдийг шалгасны үр дүн ийнхүү гарсан байна. Сүмийн удирдагчид, хамба лам нар нэр хүндээ унахаас сэргийлэх, санхүүгийн хохирол хүлээхээс зайлсхийхийн тулд хэргүүдийг нуун дарагдуулж байсан гэж шүүх дүгнэжээ.

Тэд бас хэргийг хуулийн байгууллагад мэдээлэх үйл явцыг зориудаар тасалдуулдаг байсан гэнэ.

Энэ хэрэг нь католик сүм хийдүүдийн төв Ватиканы нэр хүндийг унагасан ээлжит дуулиан болж байна. Өнгөрсөн сард Ромын Пап лам 88 настай Америк кардинал Теодор Маккаррикийн шашны хэргэм цолыг хурааж, үлдсэн насандаа нүгэлээ наминчилж амьдрах зарлиг буулгасан.

Түүнийг олон жилийн турш хөвгүүдэд бэлгийн дарамт үзүүлж, хүчирхийлж байсан гэж буруутгасан юм.

Маккаррик нь Вашингтоны сүм хийдүүдийн тэргүүн байгаад 2006 онд тэтгэвэртээ гарсан хүн. Шалгалтанд хамрагдсан санваартнуудын нэр усыг шүүхийн дүгнэлтэд нууцалсан байна.

Ирэх сард шүүх тэднээс мэдүүлэг авсны дараа нэрийг нь ил болгох гэнэ.

 

Эх сурвалж: Associated Press