Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Норвегийн сайд хувиараа гадаадад аялаад албан тушаалаасаа огцров

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Норвегийн загасны аж ахуйн яамны сайд Пер Сандберг энэ зун хувиараа Иран, Хятад улсуудад аялж, амарсныхаа төлөө албан тушаалаасаа огцроход хүрсэн байна.

Тэрээр өнгөрсөн тавдугаар сард Хятадад, долдугаар сард Иранд хувийн шугамаар аялахдаа засгийн газарт урьдчилж мэдэгдээгүй хэмээн буруутгагдаж байгаа юм.

58 настай Сандберг нь цагаачлалын эсрэг үзэлтэй, хэт барууны Прогресс намын дэд дарга бөгөөд гадаадад аялахдаа 10 жилийн өмнө Норвегийн иргэн болсон Иран гаралтай 28 настай найз бүсгүй Бахарех Летнестэй хамт явсан юм байна.

Сайд бас албаны гар утсаа хувийн аялалд авч явсан хэрэгт буруутгагдсан юм.

Норвегийн засгийн газрын сайд нар тус улстай цэрэг зэвсгийн холбоотон биш улсуудын нутаг дэвсгэрт зорчихдоо албаны гар утсаа авч явах эрхгүй байдаг гэнэ. Иранаас ирснийх нь дараа Норвегийн тагнуулын алба түүний гар утсыг хураан авч, гадаадад явах үедээ мэдээлэл алдсан үгүйг шалгаж эхэлжээ.

Норвеги нь Иран, Хятад, Орос улсуудыг өөрийх нь эсрэг тагнуулын ажиллагаа явуулах магадлалтай орнуудын жагсаалтад оруулдаг юм.

Сандберг ямар учраас засгийн газрын гишүүний мөрдөх ёстой журмыг зөрчсөн тухайгаа тайлбарлаагүй байна.

 

Эх сурвалж: AFP