Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Үнэт цаасны хил дамнасан үйлчилгээг БНСУ-тай хамтран эхлүүллээ

Г.Номин, iKon.mn
2018 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв төрийн өмчит ХХК өнөөдөр БНСУ-ын Хадгаламжийн байгууллагатай хамтран үнэт цаасны хил дамнасан үйлчилгээний хамтын ажиллааг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Уг хамтын ажиллагааны талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв төрийн өмчит ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Лхагва "Манай төв 2017 онд БНСУ-ын Хадгаламжийн байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ удаад хамтын ажиллагаагаа нэг шатаар ахиулж, Монгол, Солонгосын хөрөнгө оруулагчдад хоёр орны хувьцаа, бондыг харилцан худалдаж авах боломжийг олгох гэж байна. Ингэснээр Монголын компаниуд дотооддоо болон БНСУ-ын зах зээлд IPO хийх, Солонгосын компаниуд мөн Монголд хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүнүүдээ гаргах боломж бүрдэх юм. 

Хил дамнасан арилжаа хийх нөхцөлийг бүрдүүлсэн анхны хамтын ажиллагаа нь энэ болж байна.

Энэ нь манай IPO хийж байгаа компаниудад том дэмжлэг болж, нэр хүндэд нь эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа. 

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв нэлээд олон улстай хамтын ажиллагааны гэрээ байгуулж байсан ч хил дамнасан арилжаа хийх нөхцөлийг бүрдүүлсэн анхны хамтын ажиллагаа нь энэ болж байна" гэв.

Түүнчлэн хамтын ажиллагааны хүрээнд цаашид хадгаламжийн бичиг /DR – Depositary Receipt/ гэх мэт олон улсад чиглэсэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхэд БНСУ-ын хадгаламжийн байгууллагатай хамтран ажиллаж, туршлага солилцох юм байна.

"Харилцан ашигтайгаар, бие биедээ түшиц болж хөгжих харилцааг бий болгохоор ажиллаж байгаа"
 
Гэрэл зургийг mpa.mn

Уг арга хэмжээний үеэр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Жэ Нам "2011 онд манай хоёр улс Иж бүрэн түншлэлийн гэрээг байгуулсан. Гэрээний хүрээнд харилцан ашигтайгаар, бие биедээ түшиц болж хөгжих харилцааг бий болгохоор ажиллаж байгаа. Ийнхүү хоёр улсын харилцаа бэхжиж байгаа нөхцөлд эдийн засаг, санхүүгийн салбарын хамтын ажиллагаа өргөжиж буйд баяртай байна. 

Сологосын Засгийн газрын зүгээс хадгаламжийн даатгалын тогтолцоо, макро эдийн засагтай холбоотой мэдээлэл түгээх хэд хэдэн төслийг хэрэгжүүлсэн. Солонгосын төлбөр тооцоо хадгаламжийн төвөөс 2017-2018 онд хэрэгжүүлж байгаа төслүүдийн дунд Монгол Улсын Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд зөвлөгөө өгөх, хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн төслүүд багтаж байна. 

Монголын Засгийн газраас ч гэсэн хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэхтэй холбоотой олон арга хэмжээг авч байгаа талаар сонссон" хэмээн ярилаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

Гарын үсэг зурах ёслолын дараа хөрөнгийн зах зээлийн оролцогч байгууллагуудын мэргэжилтнүүдэд зориулсан хил дамнасан үнэт цаасны бүртгэл, гадаад хөрөнгө оруулалт, гадны зах зээлээс хөрөнгө босгох зэрэг үйл ажиллагааны талаар болон түүний хууль, эрх зүйн зохицуулалтын талаар танилцуулж, санал бодлоо солилцлоо.