Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Даваасүрэн: Оюутолгой дээрээ цахилгаан станцаа барь л даа, бид бүх зөвшөөрлийг нь өгчихсөн байгаа шүү дээ

Р.Оюунцэцэг, IKON.MN
2018 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнөөдөр “Оюутолгой”-н эрчим хүчний асуудлаар тайлбар өгсөн юм. Тэрбээр “Рио Тинто” группийн Зэс, очир эрдэнийн группийн Гүйцэтгэх захирал Арнауд Суаратын ярилцлагыг эш татаад, ямар нэгэн хувилбар ярих биш, Оюутолгой дээрээ цахилгаан станцаа барих сонголт нь байгаа гэдгийг тодотголоо. Энэ үеэр зарим асуултад хариулт авсан юм. 

-“Оюутолгой” компанитай эрчим хүчний талаар Засгийн газраас ажлын хэсэг гараад ярилцаж байгаа гэж ойлгосон. Гэтэл хоёр тал энэ талаар нэгдсэн бус мэдээлэл өгч байгаа нь анзаарагдлаа. 

-Зөвхөн эрчим хүч биш, “Оюутолгой”-н гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг гараад гурван асуудлаар шалгаж байгаа. Нэгдүгээрт, зээлийн хүү хэт өндөр байгаа тухай. Лайбор дээр нэмэх нь 3.5 гэдэг бол маш өндөр хүү. Үүнийг бууруулж байж төслийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ. Хоёрдугаарт, татварын асуудал. Татвар нь менежментийн төлбөр, тэнд ажиллаж байгаа гаднын иргэдээс бид 20 хувийн татвар авах ёстой. Хуулийн тийм заалттай. Гэтэл төлөхгүй байгаа. 

Гуравдугаарт, Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т 2017 он гэхэд Монгол Улсын нутаг дэвсгэрээс эрчим хүчээ авах ёстой байсан. Үүнийгээ биелүүлээгүй. Эдгээр асуудлаар ажлын хэсэг гараад явж байгаа. 

-Татварын талаар “Рио Тинто” группийн зүгээс сүүлд сөхөгдсөн татварын асуудал Хөрөнгө оруулалтын гэрээтэй зөрчилдөж байгаа тул уг татвартай санал нийлэхгүй байгаа гэж байсан. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Хөрөнгө оруулалтын гэрээнд яг энэ татварыг тогтворжуулаагүй юм билээ. Авна гээд тооцсон байгаа. Тиймээс гэрээний заалтыг биелүүлэхгүй байна. Гадаадын иргэний Монгол Улсад олсон ашгийн татварыг төлөх ёстой. 

-Эрчим хүчний асуудлаар мөн л манай Засгийн газар солигдож, бодлогоо өөрчилж ирсэнтэй холбоотойгоор хэрэгжүүлж эхлэх гэж байсан төсөл нь хойшилж ирсэн байдаг. Ингээд сүүлд Засгийн газраас тавьсан шаардлагын дагуу станцаа барихад байршлаа тохирох шаардлагатай байгаа гэж ойлгосон, тийм үү?

-Оюутолгой дээрээ цахилгаан станцаа барь л даа, бид бүх зөвшөөрлийг нь өгчихсөн байгаа. Угаасаа Оюутолгой дээрээ барина гээд л зөвшөөрлөө авсан шүү дээ.
Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ гэж 2014 онд байгуулсан. Тэр гэрээг УИХ-тай зөвшилцөөгүй гэдэг үндэслэлээр Засгийн газар цуцалсан. Энэ хугацаанд босгоод эхэлбэл эхлэх л байсан. Бодитой зүйл юу ч хийгээгүй. Тэгээд одоо хаана барих хувилбараа тогтоно гэж яриад байгааг гайхаж байна. 

-Тэгвэл Засгийн газрын зүгээс Оюутолгойн уурхайн дэргэд барих байршлыг зөвшөөрч байгаа гэж ойлгож болох уу?

-Угаасаа хөрөнгө оруулалтын гэрээн дээрээ гурван эх үүсвэрээс авар тухай заачихсан байгаа шүү дээ. Өөр дээрээ барьж болно. Гурав дахь этгээдээс авч болно. Эсвэл Монголын эрчим хүчний системээс авч болно. Сонголт нь байгаа шүү дээ.

-Анх "Оюутолгой" төслийн ТЭЗҮ-д цахилгаан станц барихад 960 гаруй сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо байдаг юм билээ. Энэ тоо одоо өөрчлөгдөх байх. Монгол Улс 34 хувийг эзэмшдгийн хувьд цахилгаан станц барих төсөлд дор хаяж 300 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулах шаардлагатай болох уу?

-Тэгж л биднийг шахаад, өөр дээрээ барих үүргийг болиулаад, Тавантолгой дээр Монголын тал цахилгаан станц барихаар үүрэгтэй болгочих гээд байгаа байхгүй юу, миний санаагаар. Тэгж болохгүй шүү дээ. Бариг л дээ, өөр дээрээ. 

-Барилаа гэхэд саяын асуусан хөрөнгө мөнгөний асуудлыг яах вэ?

-Хөрөнгө оруулалтын гэрээнийхээ дагуу төлөөд л явна биз. Тийм л гэрээ хийчихсэн юм чинь, манай урдах улсууд. 

-Ер нь Засгийн газрын түвшинд “Оюутолгой”, “Рио Тинто”-гийн удирдлагуудтай ойлголцолд хүрч чадахгүй байна гэж ойлгож болох уу?
 
-Ойлголцолд хүрэх биш, тэд гэрээгээ биелүүлэх л асуудал шүү дээ. Шалтаг тоочоод цаг хожоод л яваад байна. Юм л бол "Эдийн засаг чинь муудна", "Арбитрт өгнө" гэгчлэн "Алтан улиасыг чинь хуга мөргөнө" гэж байгаа юм шиг яриад байж болохгүй шүү дээ. 

-Эрчим хүчний станц барих асуудлаар Та “Оюутолгой” компанийнхантай уулзах уу?

-Уулзах байх. Хэзээ ч уулзахад бэлэн.

-Өөрсдөө энэ сэдвээр тантай уулзах хүсэлт гаргасан болов уу?

-Сая намайг эзгүйд уулзья гэсэн байсан. Би томилолттой байсан.